УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ нь “УИХ-ын гишүүн нь сайд огцруулах асуудлыг санаачлан парламентаар хэлэлцүүлж байгаа нь Засгийн газар танхимаар ажиллах зарчмыг алдагдуулж, Үндсэн хуулийг зөрчиж байна” гэсэн дүгнэлт юм.
Энэхүү дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Засгийн газраас Үндсэн хуулийн цэцэд Засгийн газар ямар зорилгоор 300 сая төгрөгийг өгснийг шалгах ажлын хэсгийг гаргах хэрэгтэй гэж Ц.Нямдорж гишүүн хэлсэн. Үүнийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалж, Г.Уянга, Д.Ганбат нар ажилласан юм. Тус ажлын хэсэг дүгнэлтээ чуулганы хуралдаанаар танилцууллаа.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлсэн дүгнэлтдээ "Цэц ашиг сонирхолын зөрчилтэй хууль зөрчсөн дүгнэлт гаргасан байна. УИХ-ын гишүүн Засгийн газраас гаргасан угсраа гурван шийд нь ҮХЦ нөлөөлөх гэж оролдсон. Цэц нь энэ нөлөөлөлд автсан. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож өгнө үү. Хууль хяналтын байгууллага ийм хачин ашиг сонирхолын зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болохын өмнө буюу өнгөрсөн есдүгээр сарын 4-нд Засгийн газар Үндсэн хуулийн цэцийн даргад “Leхus-570” машин авч өгөхөд шаардлагатай гэрээг зурж, Авто баазынханд үүрэг өгсөн байна. Нийт үнэлгээ нь 195 сая төгрөг бөгөөд “Таванбогд”–оос тус авто машиныг авсан. Урьдчилгаа хэлбэрээр 100 сая төгрөгийг шилжүүлсэн. Харин Үндсэн хуулийн цэцэд 331 сая төгрөгийг улсын нөөцийн сангаас гаргахыг Засгийн газар есдүгээр сарын 7-нд мөн тогтоолоор гаргасан ч хөрөнгийг шилжүүлээгүй байна. Гэхдээ хуулиараа ой тэмдэглэх хүрээнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргах ёсгүй" гэж хэлэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Ц.Нямдорж: Зарим гишүүд өргөдлөө өгөөд ажлаа өгөх хэрэгтэй. Ийм балиар зүйлийг харж байсангүй. УИХ-ын даргаа үүнд хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулъя. Туйлаас харамсч байна, Үндсэн хуулийн цэц нь ном журмаар нь машинаа авахгүй яасан юм. Энэ байгууллагад итгэх итгэл байхгүй болж байна. Монголын гайгүй хуульчид ажилладаг, ийм юмнаас өөрсдийгөө аваад гарах чадвараа алдсан байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Цэц ашиг сонирхолын зөрчилтэй боллоо гэж Өргөдлийн байнгын хороонд гомдол ирсэн. УИХ-аас томилогдсон буюу сонгогдсон байгууллага гэдэг нь цэцийн зарим шүүгч, АТГ, Татвар гэх зэрэг субьект байдаг. Ганцхан Засгийн газраас асуудаг нь ямар учиртай юм бэ. Хариуг нь яагаад засагтай холбож шийдсэн юм бэ. есдүгээр сарын 8-ны өдөр Болор сайд сангийн сайд болох гэж байсан. Есдүгээр сарын 2 гэхэд 700 гаруй мянган ам.доллар гаргасан байгаа. Цэцийн дүгнэлтийг ерөөсөө хүлээн авч болохгүй. Онолын хэмжээнд тийм зүйл байж болох юм. Гэхдээ бид батлагдсан хуулийг журмаар явна. Эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг шүү.
УИХ-ын гишүү Х.Тэмүүжин: Тавдугаар сарын 6-нд маргаан үүсээд тавдугаар сарын 8-нд Их Хурлын дарга руу итгэмжилсэн хүнээ томилж өгнө үү гэсэн хүсэлт ирсэн. Тэгээд намайг томилсон. Би байр сууриа илэрхийлсэн гол үндэслэл нь УИХ-ын дэгийн хууль дээр байгаа энэ асуудал нь ганцхан УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудал биш. ЗГ-тай холбоотой бүх газрууд орно тиймээс УИХ-ын гишүүн нь ЗГ-ын гишүүдийг огцруулах эрхтэй гэж үзсэн. Нэмэлт тайлбар яагаэд энэ цэцийн дүгнэлтэд ороогүй байна вэ. Одоо үйлчилж байгаа ЗГ-ын зарчимд кабинетын зарчим байхгүй. Үндсэн хуулиа барьж маргалдах нь зүйтэй. УИХ-ын гишүүн нь томилох, өөрчлөх, огцруулах гэдэг асуудал бичсэн байдаг. Энэ нь бол УИХ-ын бүрэн эрх. Засгийн газрын тэн хагас огцорсон байвал ЗГ огцорно гэсэн заалт байгаа. Тиймээс үндсэн хуулинд тодорхой асуудал бичигдсэн байхад яагаад ийм зүйл хийв.
УИХ-ын гишүүн Л.Цог: Цэцийн хандаж байгаа хандлага сонин байдалтай байна. Тэмүүжин гишүүний ярьж байгаа зүйл. Томилох, өөрчлөх асуудал ЕС-д байгаа. Гэвч огцруулах УИХ-ын гишүүний бүрэн эрхт халдав. Цэц ЗГ-аас дүгнэлт авах шаардлагагүй. Үүнийгээ үндэслэсэн нь сонин байна. Энэ бол шинэхэн сонгодог авилгалын хэрэг байна. Холбогдох байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Шалгуулах том үндэслэл байна. Цэцийн дүгнэлт А гэхэд Б гэсэн юм гарчихжээ. Дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. Яахаараа мөнгөтэй холбоотой ийм заваан юм хийж явдаг юм бэ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Эдийн засаг нь хүнд байдалд орсон байгаа дээр төр нь хямралд орлоо. Одоо институцийн асуудалд орж ирлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхт халдчихсан байна. УИХ-ын гишүүн гэдэг олон түмний төлөөллийн эрхээ хэрэгжүүлж байна. Түүнээс биш хувь хүн биш. Энэ зүйлд цэц халдаж эхэллээ. 20 гаруй жил ингэж сайд нараа огцруулж ирсэн. Цэцийн шийдвэрээр бол энэ хугацаанд огцорсон хүмүүс бүгд хохирсон байна. Энэ хугацаанд цэц юугаа хийж байсан юм бэ. УИХ цэцийн гишүүдийг татах хэрэгтэй. Ой тэмдэглэх гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нөөцөөс мөнгө гаргах журмаа зөрчсөн юм уу.
УИХ-ын дэд дарга М.Энхболд: Байнгын хорооны дарга зүтгэсээр байгаад цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа. Манай байнгын хорооны дарга зүтгээд байсан цаад учир нь ажлын хэсгийн дүгнэлтээс харагдаж байна. Цэцийн дүгнэлт нь хариуцлагын тогтолцоог байхгүй болгочихлоо. УИХ хүлээж авахгүй байх шаардлагатай. Тэгээд их суудал нь ямар шийдвэр гаргахыг харах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Ёстой түмпэн түмпэнгээр бөөлжих хэрэг гэдэг чинь энэ байна даа. Мөнгө байхгүй гээд автобус нь явдаггүй, цалингаа хасах дээрээ тулчихаад байдаг. Гэхэд ЗГ машин авч өгөөд, нэмж мөнгө өгөөд. Тэдэнд таарсан шийдвэрийг нь цэц нь гаргаад байна. Цэц гэдэг их сонин болчихлоо. Би уг нь цэцийн талаар юм ярьдаггүй байсан. Цэц захиалгаар явдаг байгууллага болчихлоо. Яагаад ЗГ ийм зүйл хийв. Цэц яагаад төрийг бужигнуулах юм хийж байна. Ер нь цэцийн гишүүдийг бид томилохдоо алдчихжээ" гэсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)