УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар өнөөдөр Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Цэц өмнө нь “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах нь Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Үндсэн хуулийн цэц уг дүгнэлтийг гаргахын өмнөхөн Засгийн газраас цэцэд 331 сая төгрөгийг өгөх шийдвэрийг гаргасан байдаг. Ямар учраас Засгийн газар Үндсэн хуулийн цэцэд 331 сая төгрөгийг өгөхөөр болсныг УИХ-аас ажлын хэсэг гарч шалгахаар болсон юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулсан уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Ганбат нар орж ажилласан байна. Уг ажлын хэсэг ажиллаад Засгийн газар нь Үндсэн хуулийн цэцийг үнэтэй машин болон мөнгөөр хахуульдсан гэдэг нь тодорхой байна. Үндсэн хуулийн цэц мөнгийг нь авчихсан учраас Засгийн газрын талд шийдвэр гаргажээ. 11 дүгнэлтийн хувьд ч ялгаагүй Засгийн газрын лоббинд автсан байна гэж дүгнэжээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ талаар ярихдаа “ Өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхгүй” гэсэн гомдол ҮХЦ-д ирсэн байжээ. Харин Цэц иргэдийн гомдлын талаар өнгөрсөн 6 сард Засгаас санал авахад Ерөнхий сайд 8 дугаар сард дээрхтэй адил хариултыг өгсөн байна. Тодруулбал, өөрсдийнхөө талд ашигтай хариултыг өгч “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхгүй” гэж хэлжээ. Гэтэл цэц мөн үүнтэй адил дүгнэлт гаргасан байна" гэв.
Түүнчлэн уг ажлын хэсэг Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2015 оны 9 дүгээр 07-ны өдрийн 357 тоот тогтоолыг судалсан байна. Ингэхэд ирэх онд тэмдэглэх Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулж цэц 933 сая төгрөг төлөвлөснөөс Засгийн газар 331 сая төгрөгийг нөөцөөс гаргахаар шийдвэрлэжээ. Засгийн газрын тусгай сангийн хуулинд тусгаснаар бол нөөц сангийн хөрөнгийг байгалийн гамшиг, томоохон осол зэрэгт зарцуулахаар нэрлэсэн байдгаас ойд зориулсан ном товхимол хэвлүүлэхэд шилжүүлнэ гэсэн заалт байдаггүй гэдгийг Ц.Нямдорж гишүүн хэллээ.
Үүний зэрэгцээ Засгийн газрын Автобааз Үндсэн хуулийн цэцийн даргын албан хэрэгцээнд 195 сая төгрөгийн үнэ бүхий Lexus 570 суудлын автомашиныг "Таван богд" компаниас авч өгсөн байх ба урьдчилгаа төлбөр гэж 100 сая төгрөгийг өнгөрсөн сарын 10-нд төлсөн зэргээс үзэхэд Засгийн газар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нөлөөлөх зорилготой байсан гэж ажлын хэсэг дүгнэсэн гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэв.
Харин УИХ-ын гишүүн Г.Уянга " Үндсэн хуулийн цэц хууль зөрчиж Ерөнхий сайдаас тайлбар аваад, дүгнэлтээ гаргажээ. Мөн мөнгө гаргах шийдвэр гараагүй байхад урьдчилан худалдан авалт хийсэн нь тохироо байсан байх магадлалтай. Үндсэн хуулийг сурталчлах, ном товхимол хэвлэж тараах зардалд 930 сая төгрөг төлөвлөсөн байгаа нь буруу юм. Харин судлаачдын судалгаанд энэ мөнгийг зарцуулахаар байсан бол өөр хэрэг. Засгийн газарт энэ асуудлыг нягтлалгүй, шууд хүлээн зөвшөөрсөн нь сонирхол төрүүлж байна. Сүүлийн үед институци хоорондын маргаан хүчтэй явагдаж, ҮХЦ татагдан оролцож байна. Системийн эвдрэл их байна. Тиймээс бид Үндсэн хуульдаа яаралтай өөрчлөлт хийх цаг болжээ" гэв.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
- Үндсэн хуулийн цэц Засгийн газрын талд шийдвэр гаргасан гэж та бүхэн ярьж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэлээ. Хариуцлагын асуудлыг яг ямар түвшинд тавих вэ?
- УИХ-ын чуулганаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж дууссаны дараа хариуцлагын асуудлыг эргэн ярих шаардлагатай гэдгийг УИХ-ын даргад хандан хэлсэн. Би яг энэ шалтгааны улмаас Ерөнхий сайдыг огцруулах бичиг гарын үсэг зурсан. Ийм үйлдэл хийж буй ЗГ цаашид байж болохгүй. Ийм зүйлийг хийдэг, өөгшүүлдэг биш таслан зогсоох гэж Засгийн газар байдаг юм. Энэ утгаараа Засгийн түвшинд хариуцлага гарцаагүй яригдах ёстой. Хоёрдугаарт, ийм бусармаг зүйл хийгээд явж байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн асуудлыг заавал ярих ёстой. Тодруулбал, санал болгосон гишүүдийн асуудлыг эргүүлэн татах ч юм уу. Дарга нь ЗГ-аас мөнгө гаргуулаад Засгийн газрын талд шийдвэр гаргуулаад, УИХ-аас гүйцэтгэх засаглалд хяналт тавих хуулийн боломжийг хясан боогдуулаад явж байхад юу бодож тэд нараар Үндсэн хуулийг мануулах вэ.? Ийм түвшинд асуудал яригдах ёстой. АТГ уг асуудлыг шалгах ёстой юм. УИХ-ын удирдлагууд үүнийгээ хийх юм байлгүй дээ. Би баримтыг нь гаргаж тавилаа. Энэ бол төр, хуулийнхны ялзрал дээд цэгт хүрсний илэрхийлэл. Ийм зүйлийг хийх нь байтугай бодох санаа ч толгойд нь орж ирэх ёсгүй. Хариуцлага тэр түвшинд явж байх ёстой. Ийм зүйл хийгээд явж байгаа хүмүүстэй ярих ч зүйл алга. Хэлэх ч үггүй байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (17)