УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 11 дүгнэлтийг хэлэлцсэн. Уг дүгнэлт нь “УИХ-ын гишүүн нь сайд огцруулах асуудлыг санаачлан парламентаар хэлэлцүүлж байгаа нь Засгийн газар танхимаар ажиллах зарчмыг алдагдуулж, Үндсэн хуулийг зөрчиж байна” гэсэн утгатай юм.
УИХ-ын ихэнх гишүүд үүнийг буруутгаж "Үндсэн хуулийн цэц Засгийн газрын талд шийдвэр гаргаж байна" гэж буруутгаж буй. Үүнээс өмнө буюу есдүгээр сарын 7-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд 300 сая төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Засгийн газар үндсэн хуулийн цэцийг хахуульдаж өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулах гэсэнтэй холбоотой байж мэднэ. ЗГ Үндсэн хуулийн цэцэд ямар учраас 300 сая төгрөгийг өгөхөөр болсныг шалгах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс санал гарган ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийг Ц.Нямдорж гишүүн ахалсан бөгөөд тэрбээр шалгалт явуулсан ажлын дүгнэлтээ өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр танилцуулсан юм. Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж гишүүн хэлсэн дүгнэлтдээ “ЗГ-аас Үндсэн хуулийн цэцийн даргад 195 саяын үнэтэй 570 маркын машин өгчээ. Мөн дээрээс нь нэмж 300 сая төгрөг өгөхөөр болсон байна. Энэ бол нэг ёсны хахууль юм” хэмээн танилцуулсан. Тэрбээр чуулганы дараа ажлын хэсгийн гишүүдийнхээ хамт хурал хийж дээрх асуудлыг сэтгүүлчдэд өгсөн. Гишүүд ч энэхүү асуудлыг нэн яаралтай шалгах шаардлагатай гэж үзээд цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан юм.
Тэгвэл энэ асуудлаар Төр, засгийн үйлчилгээний автобаазын дарга Т.Нямдорж доорх хариултыг өгчээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн дарга манайд маш олон удаа санал тавьж байсан. Яагаад гэхээр, Засгийн газрын 184 дүгээр тогтоол байдаг юм. Энэ тогтоолоор бол Үндсэн хуулийн цэцийн дарга бол тусгай, техникийн чадвар өндөр машин унах ёстой. Цэцийн дарга өндөр албан тушаалтан. Үндсэн хуулийн цэцийн дарга манайд гурав, дөрвөн ч удаа санал тавьсан. Сая машиныг нь өөрчилж, шинэ тэрэг авч өгсөн. Үндсэн хуулийн цэцийн даргад сая машин авч өгөхөд төвсөөс нэг ч төгрөг гараагүй ээ. Бааз өөрийнхөө аж ахуйн тооцоонд орсон мөнгөөрөө авч өгсөн. Цаг хугацааны хувьд адилхан болсон юм шиг байна. С.Баярцогт дарга ч үүрэг өгөөгүй. Үндсэн хуулийн цэц ч биш УИХ-ын Байнгын хороодын дарга нарын тэргийг ч сольж өгсөн. Сайд нарын тэргийг ч шат дараалалтай сольж өгч байгаа. Манай бааз улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Өөрсдөө аж ахуйн тооцоонд ажилладаг учраас бааз өөрийнхөө нэмэгдэл орлогоосоо машин авч өгдөг. Манай бааз Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг байгууллага. Гэрээнд заагаад өгчихсөн байдаг. Үндсэн хуулийн цэцийн дарга манайд ирүүлсэн бичгээ Хэрэг эрхлэх газарт ч бас явуулсан юм билээ. Энэ бол улс төрийн ямар нэгэн зорилго агуулсан зүйл байхгүй ээ. Тухайн албан тушаалтны унааг сайжруулж аюулгүй байдлыг хангаж өгөх үүргээ л биелүүлсэн" гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (23)