Хүйтний улиралтай зэрэгцэн нийслэлчүүдийг хөл дүүжлэх унаагүй болгодог буруу жишиг нийтийн тээврийнхэнд хэдийнэ тогтжээ.
Жил бүр л нийслэлчүүдийг унаагүй болгож, чангалдаг нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын зуршил болсон бололтой. Энэ жил мөн л анхны цастай зэрэгцээд түр зогсолт гэх зүйл хийж, иргэдийг бухимдуулав.
Тэд ажил хаяж, түр зогсолт хийх болсон шалтгаанаа “Улаанбаатар смарт карт” компани орлогыг нь дутуу хуваарилж байгаа учраас автобус компаниуд алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон учраас санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй болсон хэмээн тайлбарласан.
"Улаанбаатар смарт карт" компани хувийн компаниудын орлогыг дутуу олгосон хариуцлагыг иргэд нуруу дээр үүрч явгарсан нь мөн л харамсалтай хэрэг.
Уг нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор хэдхэн сарын өмнө цахим картын системыг нэвтрүүлж, зарим чиглэлийг өөрчлөн богино эргэлтээр үйлчлэх ажлыг эхлүүлж, нийтийн тээврийг шинэчилсэн. Энэ ажлыг төр, хувийн хэвшлийн нийтийн тээврийн компаниуд бүгд л сайшааж байсан цаг саяхан.
Гэвч компаниуд ийнхүү хэдхэн сарын дотор тараа таниулж, эцэст нь нийслэлчүүдийг унаагүй “сойв”. Харин "Ниргэсэн хойно нь хашгирав" гэгчээр хувийн хэвшлийн автобус компаниудыг ажил хаяж, нийслэлчүүд унаагүй бүтэн өдрийг өнгөрөөсний дараа буюу пүрэв гарагт болсон Нийслэлийн удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцээд ажил хаясан компаниудыг шантааж хийх зорилгоор ажил хаясан гэж үзэж ажил хаясан бүх компаниудад шалгалт оруулахаар болсон.
Мөн энэ сарын 7-ноос ажил хаясан нийтийн тээврийнхэн "Улаанбаатар смарт карт" компани болон нийслэлийн нийтийн тээврийнхэнтэй тохиролцоонд хүрснээр баасан гарагаас эхэлж түр зогсолтоо зогсоосон юм.
Энэ мэтээр нийтийн тээврийнхэн хотын удирдлагуудтай ширээний ард сууж, нийслэлчүүдийг унаагүй болгож байж асуудлыг шийддэг тогтолцоог өөрчлөхгүй бол нийтийн тээврээр үйлчлүүлж, ажил амьдралаа зохицуулдаг иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байх нь.
Ер нь нийтийн тээврийн шинэчлэлийн “гор”-ыг иргэд хүртсээр байгаа нь нууц биш. Тухайлбал энэ шинэчлэл хэмээх сүржин нэртэй ажил эхэлснээр иргэд нэг чиглэлд 500 төгрөгөөр зорчдог байсан бол сэлгэн суулт хийснээр 1000-1500 төгрөгөөр зорчдог болсон.
Уг нь асуудлыг шийдвэрлэж, сэлгэн суултыг 30 минутын дотор үнэгүй болгоно гэж байсан ч энэ ажил өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа. Эцэст нь нийслэлчүүд нийтийн тээврийн шинэчлэлийн дүнд хоёр өдөр явгарав. Харин цаашид хэдэн өдөр ийм зүйл тохиолдож, нийслэлчүүд унаагүй болохыг таах аргагүй юм.
Ямартай ч хувийн хэвшлийнхэнч хариуцлага ухамсарлаж, нийслэлчүүдийг хөл дүүжлэх унаагүй болгодог буруу жишгээсээ салах хэрэгтэйг энд өгүүлэх нь зүйтэй болов уу.
Сэтгэгдэл (10)