Сүүлийн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын хооронд багагүй “тулаан” өрнөх болов.
Тодруулбал С.Ганбаатар гишүүн "Ерөнхий сайдын Оюутолгойн Дубайд үзэглэсэн гэрээ хууль бус, Монгол Улсыг өрөнд оруулна. Ерөнхий сайд “Оюутолгойгоос цалин авдаг. Дубайн хууль бус гэрээг ил болго” хэмээн мэдээлснээс үүдэж тэдний хороонд ширүүхэн маргаан өрнөх болсон юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд С.Ганбаатар гишүүнд хариу барьв. Тэрбээр С.Ганбаатар гишүүний гадаадад сургууль төгсөөгүй болохыг нь илчилсэн. Мөн Ерөнхий сайд "С.Ганбаатар гишүүн дандаа худлаа ярьдаг. Намайг Оюутолгойгоос цалин авдаг юм шиг ярих юм. Би нэг ч төгрөг авдаггүй. Та энэ хэлсэн үгэндээ уучлал гуйгаарай. Дубайд очоод намайг гарын үсэг зурчихсан гэх юм. Би нэг ч юман дээр гарын үсэг зураагүй. Ерөнхий сайд ч зурах ёсгүй. Нэг зүйлийг хэлэхэд С.Ганбаатар гишүүн та өөрийнхөө гараар бичсэн анкет, өргөдөл дээрээ гадаадын хоёр сургууль төгссөн гэж бичсэн байсан. Нэг сургуулийнхаа нэрийг буруу бичсэн. Хоёр жил сурсан сургуулийнхаа нэрийг буруу бичсэн нь энэ хүн тэнд суралцаж төгсөөгүй ээ гэсэн үг.
Хоёрдугаарт таны хоёр дахь сургуульд төгссөн гэх мэргэжил чинь тэр сургуульд байдаггүй юм билээ. Та маргааш надад төгссөн сургуулийнхаа гэрчилгээг харуулбал хэлсэн үгнийхээ өмнөөс уучлал гуйя ” гэсэн хатуухан үгийг хэлсэн юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гомдол үүгээр тасарсангүй. Тэрбээр “Оюутолгойн асуудлаас болж үе үеийн Ерөнхий сайдад пайз зүүж байгаа. С.Баяр, С.Баярцогт ийм пайзтай. Та нар надад ч гэсэн энэ пайзыг зүүхийг оролдож байгаа. Гэхдээ энэ улсын Ерөнхий сайд том төслөө явуулахын тулд ажилладаг юм. С.Ганбаатар шиг хоосон улс төр хийгээд явбал хэн ч энэ шийдвэрийг гаргахгүй. Хэн ч Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө санаа зовохгүй. Энэ арваннэгдүгээр сараас гүний уурхай ашгаа өгнө.
Энэ жил 1,2 тэрбум, дараа дараагийн жилээс Монгол Улсад зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ өргөтгөлийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр ярьдаггүй юм. “Оюутолгой” төслийн бизнесийн зүйлийг ТУЗ дээр ярих ётсой. Цаашид шийдвэр нь улс төргүйгээр гарах юм. Та бид хоёр маргалдаад хэн ч хэнийгээ итгүүлэхгүй. Та бол засрахгүйгээр Оюутолгойг шүүмжилж, үг хэлэх болгондоо, ямар ч сэдвийг Оюутолгойтой холбоно. Би бол засрахгүйгээр Оюутолгой Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэсээр явах болно.
Бид нэг асуудлыг төгс хийх гээд бие биенийгээ чөдөрлөсөөр өнгөрсөн 25 жил явж ирлээ. Хэзээ ч төгс юм гэж байдаггүй. Төгс юм байдаггүй учраас хүн болгон шүүмжилдэг. Шүүмжлээд явахаар үнийгээ улс төр хийж, хүмүүст таалагдаж оноо авч байна гэж боддог.
Оюутолгой, Тавантолгой, Гацуурт, Цагаан суварга гэсэн том төсөл улс төргүй явах ёстой. Бусад улс яагаад хөгжөөд байна гэвэл улс төргүй учраас муу, сайн ч шийдвэрээ гаргаад алдаж, оносон ч урагшлаад байгаа юм. Манайхан бол бие биенийхээ хөлд дэгээ тавьж улстөржсөөр байгаад иймэрхүү дүр зурагтай байгаа. Бизнес, хөрөнгө оруулагчдад хөрөнгөө оруулах боломжийг гаргаж өгөх ёстой” гэсэн юм.
Сэтгэгдэл (18)