Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг давтан худалдан борлуулж байсан гэмт бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлжээ.
Дээрх бүлэглэл өмнө нь олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан Д гэгчийн зохион байгуулалтад орж, хар тамхи худалдан борлуулж байсан аж.
Д, М, Ш, А, Н нар нь 22-36 насныхан бөгөөд тэдэнд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5-аар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Эрүүгийн хуулийн 192.3.4-т “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулах хэргийг давтан үйлдсэн бол 192.3.5-д “Урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Мөн шавар гэх бодисыг хууль бусаар олж авч, худалдан борлуулж байсан Н, Б, Т нарын гурван хүнийг баривчилж, Эрүүгийн хуулийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 192.2-т “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.