Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэл хийлээ. Статистикийн хорооноос гаргасан мэдээллийг хэрэглэгчид хэрхэн ашиглаж байгаа талаарх тайлбарыг тус хорооныхон танилцууллаа. Уг асуудлаар Үндэсний Статистикийн Хорооны мэдээлэл сургалт сурталчилгааны төвийн дарга А.Дэмбэрэлтэй уулзаж зарим асуудлыг тодрууллаа.
Үндэсний Статистикийн Хорооны мэдээлэл сургалт сурталчилгааны төвийн дарга А.Дэмбэрэл:
-Танай байгууллагын явуулсан мэдээллийг буруу тайлбарлаж ашигласан гэлээ. Үүнийгээ тодруулаач?
-Статистикийн тухай хуулинд статистикийн мэдээллийг буруу тайлбарлах, буруу хэрэглэсэн тохиолдолд тайлбар өгөх үүрэгтэй гэж заасан байдаг юм. Үүний дагуу өнөөдөр энэхүү тайлбарыг хийлээ. 2015 оны дөрөдүгээр сарын 17-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Эрхэлсэн комиссар Ө.Энхтөр гэх хүний гарын үсэгтэй албан тоот манай газарт ирсэн.
Энэхүү албан тоотод тус хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт холбогдуулан 2011-2014 онуудад Улаанбаатар хотод иргэдийн хэрэглээнд зарагдаж байсан нүүрс ямар үнэ ханштай байсан талаарх мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн байсан. Бид энэ дагуу хоёр чиглэлээр мэдээлэл гаргаж өгсөн. Гэтэл АТГ өөрт хэрэгтэй гэж үзсэн мэдээллээ авч, манай байгууллагын гаргаж өгсөн мэдээллийг буруу тайлбарлаж байсныг Л.Гансүх нарын шүүх хурлыг телевизээр үзэж байхдаа мэдсэн. Тиймээс л өнөөдөр ийнхүү мэдээлэл хийж байгаа юм.
-Ямар хоёр чиглэлээр мэдээлэл гаргаж өгсөн юм бэ?
-Нэгдүгээрт, Цайз, Хангай захуудад бөөнөөр буюу портероор худалдаж байгаа нүүрсний нэг тонн нь хэдэн төгрөгөөр зарагдаж байсан,
Хоёрдугаарт, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт иргэдийн гар дээр шууд хүрч байгаа буюу шуудайлаад зарж байгаа нүүрсний үнийн мэдээллийг гаргаж өгсөн. Гэтэл АТГ-аас дахин албан бичиг явуулж, манай байгууллагын явуулсан өмнөх албан бичгийн нэгдүгээрх нь буюу бөөнөөр худалдаалж байгаа нүүрсний мэдээллийг дахин явуулахыг хүссэн. Бид ч албан бичгийн хариуг хүргүүлсэн.
-Тэгэхээр АТГ чухам ямар мэдээллийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн гэж та бүхэн үзэж байгаа юм бэ?
-Бидний хүргүүлсэн мэдээллийн нэгдүгээрх буюу түлээ нүүрсний захуудад бөөнөөр худалдаалж байгаа нүүрсний үнийг иргэдийн гар дээр шууд хүрч байгаа нүүрсний үнэ мэтээр тайлбарлаж байсан нь ташаа мэдээлэл болоод байгаа юм. Зүй нь иргэдэд шууд хүрч байгаа буюу шуудайлсан нүүрсний үнийг дурьдаж, тайлбарлах ёстой. Үгүй юм аа гэхэд манай байгууллагын явуулсан эхний албан бичиг буюу бөөний үнэ, жижиглэнгийн үнэ хоёрыг харьцуулж тайлбарлах учиртай. Гэтэл зөвхөн өөрсдийн бодлого чиглэлд тохируулж, албан бичгээр мэдээлэл авчихаад түүнийг тайлбарлаж байгаа нь иргэдэд буруу мэдээлэл өгөх, манай байгууллагыг ташаа мэдээлэл гаргадаг мэт харагдуулаад байгаа юм.
-Танай байгууллага нүүрсний үнийг хэрхэн гаргадаг юм бэ. Мэдээж бодитой, үнэн зөв гардаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Манай байгууллага долоо хоног бүр нүүрсний үнэ ямар байгааг судлан мэдээлэл цуглуулж, сарын дундаж үнийг гаргадаг.
-Танай байгууллагын гаргаж өгсөн мэдээллээр тухайн үед портор болон жижиглэнгийн буюу шуудай нүүрсний үнэ хэд байсан юм бэ?
-Тухайн үед нэг портер нүүрс 98-106 мянган төгрөг байсан. Харин шүүх хурал дээр зөвхөн 98 мянган төгрөг байсан гэж яриад байна лээ. Нүүрсний үнэ нь улирлын хэлбэлзэлтэй байдаг жишээ нь 2014 оны 8 дугаар сард нэгт уут буюу 5-6 кг нүүрсний үнэ 1500 төгрөг байсан. Харин 12 дугаар сард нь 2450 төгрөг болсон байсан. Ер нь бид мэдээллийг үнэн зөв өгч, хэрэглэгчдэд эрх тэгш үйлчлэх ёстой. Энэ ч утгаараа мэдээллээ өгсөн. Харин манайхаас авсан мэдээллээ хэрэглэгч үнэн зөв ашиглах нь тэдний үүрэг. Гэтэл АТГ зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ гаргуулж авчихаад буруу тайлбарлаад байгаад л энэ бүхний учир байгаа юм.
-Тэгэхээр танай байгууллага АТГ-т мэдээллийг буруу тайлбарлаж байгаа талаар мэдээлсэн үү?
-Үгүй ээ. Бидэнд тэгэх үүрэг, шаардлага байхгүй. Харин зөвхөн тэрхүү ташаа мэдээллийг залруулж тайлбарлах л үүрэгтэй. Тиймээс л ийнхүү тайлбарыг хийж байгаа юм.
24tsag.mn Б.Батчимэг
Сэтгэгдэл (12)