Засгийн газрын ээлжит хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэж дэмжсэн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.
1999 онд Авто тээврийн хууль батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь тус хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж, цаашид хэвийн мөрдөгдөхөд хүндрэлтэй болсон хэмээн Засгийн газар үзжээ.
2014 онд зорчигч тээврийн 98 хувь, ачаа тээврийн 68 хувийг авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн байна. Авто тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 20 жилийн хугацаанд 5 дахин өссөн бөгөөд 2014 онд Монгол Улсад 740 гаруй мянган тээврийн хэрэгсэл тоологдсон байна. Үүнээс 430 гаруй мянган тээврийн хэрэгсэл нь хувийн автомашин байгаа аж.
2012 оноос 21 аймгийг нийслэлтэй автозамаар холбох бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан орон нутгийн автотээврийн хэрэгслийн тоо огцом өсч байна. Мөн шатахуун хангамж зэрэг авто тээвэртэй холбоотой олон асуудал үүсч байгаа тул Авто тээврийн хуулийг нэн яаралтай хэлэлцэж батлах шаардлага тулгарсан байна. Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг нэн даруй боловсруулахыг Зам тээврийн сайдад үүрэг болгожээ.
Т.Энхэлээ