Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцэв. Ингээд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг тус байнгын хорооны даргаар сонголоо.
Үүний дараа Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Ингэхдээ Ерөнхийлөгчийн хориг тавьсан 11 зүйл заалт бүрээр санал хураалгахаар болж, чуулганы хуралдаан руу оруулахаар болов.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо аравдугаар сарын 2-ний өдөр хуралдаж дээрх 11 зүйл заалт бүрээр санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй саналуудыг чуулганы хуралдаан руу оруулахгүйгээр зөвхөн 6 саналын томъёоллыг багцлан оруулж ирсэн нь МАН-ын бүлгийн хувьд завсарлага авах шалтгаан нь болсон юм.
Олонхийн дэмжлэг хүлээлгүй, цөөнх болсон энэхүү саналд албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн хэргүүдийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн санал багтаж байжээ. Эдгээр саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан байсан нь өнөөдрийн хуралдаанаас гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэг хүлээж, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх болж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Т.Энхэлээ