УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанөөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин, хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 3.3 хувь, 2017 онд 0 хувьтай байхаар тус бүр заасан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Болор хариуллаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Төрийн банкны хувьчлалаас хэдэн төгрөг олох вэ? Эдийн засгийн ил тод байдлын хангах тухай хуулийн хүрээнд хэчнээн төгрөгийг татварт төвлөрүүлэхээр тооцсон бэ?
Сангийн сайд Б.Болор: Төрийн банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хүрээнд 100 гаруй тэрбум төгрөг татварт төвлөрүүлнэ гэж тооцож байгаа.
УИХ-ын гишүүн Д.Батцогт: -Хэдий үед зээлийн төлбөр өсөв гэдгийг Сангийн яам тодорхой гаргаж ирье. Гэхдээ зээлийн цаана асар том бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнийг бас санах ёстой. Цалинг бууруулахыг дэмжихгүй. Хямралтай үед иргэдийн орлого багасвал худалдан авалт буурна. Тэр чинээгээр хувийн хэвшил хүнд байдалд орно. Хэдий ирэх онд нөхцөл байдал амаргүй байх ч ахмад настнуудын тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэх талд ажиллах ёстой. Энэ асуудлаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -Төрийн банк ямар хариуцлагагүй ажилласныг та бид бүгдээрээ мэднэ. Тэрхүү хариуцлагаас зугатаалгахын тулд хувьчлах замаар анхаарлаас холдуулах гэж байгаа бол энэ буруу. Хоёрт, төсвийг хэр тэнцвэртэй хуваарилж байна вэ гээд үзвэл орлого иргэдэд очихгүй байна. Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллах байтал зургаан орлогчтой байна. УИХ-аас өнгөрсөн жил хууль баталсан. Харамсалтай нь, хэрэгжээгүй. Ийм байж бид иргэнээсээ хууль хэрэгжүүл гэж яаж шаардах болж байна.
Гишүүд ийнхүү асуулт тавьж, санал хэлэв.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ оны Төсвийн тодотголын төслийн дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Тухайлбал, Засгийн газрын бүтцийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултад Сангийн сайд Б.Болор хариуллаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Оюутнуудыг сурлагатай нь холбож тэтгэлэг өгч байя гэж 2013 онд санал гараад, сүүлдээ хүүхдийн мөнгө нь ч дэмжигдэхгүй болж байлаа. Ер нь оюутны мөнгийг хавтгайруулж өгөхөө болье гэдэг санал дэмжигдсэн үү. Хичээлдээ очдоггүй, унтдаг, тоглоом тоглодог нөхдөд тэтгэлэг өгмөөргүй байгаа юм. 800 тэрбум төгрөгийн алдагдлын ихэнхэд нь энэ мөнгө ороод байгаа. Тиймээс амжилттай суралцаж байгаа хүүхдүүдэд энэ мөнгийг олгомоор байна.
Сангийн сайд Б.Болор: Таны ярьж байгаа саналыг энэ оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн. Өөрчлөлт ороогүй, тэтгэлгийг сурлагын амжилтаар нь олгож байна. Дээр нь урамшууллын тэтгэлэг гэж байсан. Үүнийг ирэх оны төсөвт бууруулж байгаа.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Үндэсний орлогын газар гэж байгуулаад, татвар, гааль хоёрыг нэгтгэж байгаа юм байна. Нийгмийн даатгалын шимтгэл цуглуулдаг хүмүүсийг нэгтгэвэл ямар вэ? Орлого цуглуулдаг байгууллагуудыг нэгтгэж, татвараас зугтаадаг хүмүүсийг илчье гэж байгаа бол нийгмийн даатгал цуглуулдаг албыг нэгтгэх хэрэгтэй. Юм хийвэл гүйцэт хийх хэрэгтэй. Тендэрийн байгууллагыг татан буулгаад яамдад хуваарилахаар болж. Хэрвээ сайд нар тендэртэй болвол хүссэн хүсээгүй асуудал нэмэгдэнэ. Энэ нь том ухралт болж байгаа юм биш үү? Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулаад ҮСХ-г Засгийн газрын дэргэд аваачих гэж байгаа нь буруу. Засгийн газрын бүтцийн асуудлыг оруулж иржээ. Үүнийг 2016 оны наймдугаар сарын нэгнээс бус ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш дараагийн Засгийн газрын бүрэн эрхэд халдаж болохгүй. Үндсэн хууль зөрчөөд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж мөрдүүлэх хэрэгтэй.
Сангийн сайд Б.Болор: Үндэсний орлогын газрыг байгуулах нь олон улсад ч байдаг юм билээ. Нийгмийн даатгалын газрын хувьд тусдаа хуультай учраас энэ удаад өөрчлөөгүй. Худалдан авах агентлаг сүүлийн 3 жилийн хугацаанд яамдтай уялдаа муутай ажиллаж ирлээ. Энэ агентлаг өнөөгийн хямралтай үед ажиллаад байх шаардлагагүй гэж үзсэн. ҮСХ-ны хувьд ИБМУТ-тэй нийлүүлэхээр болсон. Эрүүл мэндийн даатгалын тухайд шинэ хуулиар цоо шинэ агентлаг байгуулагдан явахаар заасан.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -УИХ Засгийн газарт өөрийн эрх мэдлээсээ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах босгыг зааж өгсөн. Үүн дагуу гаалийн албан татварыг нэмж байна. Яагаад энэ эрхийг өгсөн гэвэл өргөн хэрэглээний барааны үнэ өсгөхөөс сэргийлж, татварын хувь хэмжээг тогтоох эрх өгсөн. Гэтэл та нар өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ өсгөх бодлого оруулж ирлээ. Хувийн хэвшлийг дэмжинэ гээд байгаа хэрнээ татвараа нэмж байгаа нь ямар учиртай вэ? ОАТ-ыг тэглэвэл шатахууны үнэ ч багасана. Гэтэл та нар унагаах бодлого явуулаад байна. Эрчим хүчний салбарт татаас өгч байгаа. Энэ татаасыг чөлөөлчих хэрэгтэй. Төрийн энэ зохицуулалтаас болоод үнэ өсөөд байна.
Сангийн сайд Б.Болор: Зах зээлийн зарчмаар явдаг болъё гэдэгтэй санал нэгдэж байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл явж ирсэн зарчмаасаа шууд татгалзах асуудалтай. Аажимдаа гарах хэрэгтэй юм. Нөхцөл байдал хүнд үед нефть импортлогчид үнээ буулгах бодлого барихгүй байна. Тиймээс бид татвар нэмэх бодлого барьж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)