"Хөдөлмөрийн Үндэсний Нам"-аас өнгөрсөн 9 дүгээр сарын 29-ны өдөр Халх голд чөлөөт бүс байгуулах асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдэд дүгнэлт хүргүүлжээ. Тус намын хувьд Халх голд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа юм.
Дүгнэлтийг товчхон танилцуулбал, “Хөдөө аж, ахуйн салбарыг Халх гол эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын шийдвэр нь Монгол улсын хүнс, хөдөө аж, ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиггүй нөхцөлд үндэсний болон салбаруудын хөгжлийн бодлоготой ямар нэг уялдаагүй гаргасан, хүнсний урт хугацааны аюулгүй байдал, байгаль орчин, хөрс, ан амьтан, ургамал, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг үнэлээгүй, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зүйл заалтуудтай ноцтой зөрчилдсөн байна. Мөн Хөдөө аж, ахуйн салбарын хөгжлийг дэмжихийн тулд чухам яагаад чөлөөт бүсийн хувилбарыг, тэр тусмаа Халх гол бүсэд сонгож байгаа үндэслэл, төсөл хэрэгжүүлснээр Монгол улсад болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад эдийн засгийн ямар ашиг, үр өгөөж авчрах талаар тооцоо, судалгаа байхгүй, улсын хөгжлийн маш чухал бодлогын шийдвэр гэхэд үндэслэл муутай, олон тооны ноцтой эрсдлүүд дагуулж болохоор шийдвэр болжээ. Иймд, Халх гол чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх талаар судалгаа, нөлөөлөл, эрсдлийн үнэлгээг дахин сайтар хийж, төслийн загварыг шинэчлэн, бодлогын шийдвэрийг эргэн харах, залруулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.
Уг дүгнэлтийг Халх голын газарт очиж ажилласан судалгааны багийнхан болон тус намын дэргэдэх Хөгжил ХҮН бодлого, судалгааны хүрээлэнгийнхэн хийсэн байна.
Тэгвэл тэдний дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хүлээн авч санаачлагыг нь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Үндэсний Аюулгүй Байдлын төлөө нам бүлэг бус Үндэсний эрх ашгийн үүднээс хандаж санаачлагыг нь дэмжихээ илэрхийлсэн Н.Алтанхуягт талархаж буйгаа ХҮН-ын удирдлагууд илэрхийллээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)