Аливаа газар, яам агентлагийн дарга нар огцруулах шийдвэр гарсан атал суудлаа хадгалж үлдэхийн тулд тамга тэмдгээ өгөхгүй өрөөгөө цоожлож, зугтсан гэх мэдээлэл үе үе гардаг. Тэгвэл тамга тэмдгээ авч зугтдаг моодыг МОХ үргэлжлүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт их дээд сургуулийн 2000 гаруй оюутан МОХ-ны удирдлагуудыг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Оюутнууд МОХ нь оюутнуудын эрх ашгийг зөрчиж, тэдний төлөө ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй, хий хоосон улс төржиж байна гэх шалтгаанаар ийнхүү жагсаал зохион байгуулсан билээ.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд оюутнуудын энэхүү шаардлагын улмаас МОХ-ны Хяналтын хорооноос МОХ-ны ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, шинэ удирлагуудыг сонгосон байна.
МОХ-ны шинэ удирдлагууд нь бүгд их дээд сургуулийн оюутнууд бөгөөд жинхэнэ оюутнуудын төлөөлөл болж сонгогдсон аж. Тухайлбал МОХ-ны ерөнхийлөгчөөр ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр Геологи уул уурхайн сургуулийн оюутан, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МУИС ийн Оюутны Холбооны тэргүүн У.Басбиш МУИС, Шинжлэх Ухааны Сургуулийн Оюутан, Дэд ерөнхийлөгчөөр АШУҮИС ийн Оюутны Холбооны тэргүүн Н. Цогтсайхан Ерөнхий эмчилгээний ангийн оюутан, Дэд ерөнхийлөгчөөр МУБИС-ийн Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр Урлаг Биеийн Тамирын Сургуулийн оюутан тус тус оюутнуудынхаа итгэлийг хүлээж сонгогджээ.
Гэтэл ийнхүү ээлжит бус чуулганаараа сонгогдсон дээрх шинэ удирдлагууд нь тамга тэмдгээ авч үйл ажиллагаагаа явуулах гэсэн боловч хуучин удирдлагууд нь тэдэнтэй уулзаж, тамга тэмдэгээ өгөхгүй зугтах болжээ.
Уг нь оюутнуудын эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, тэдний саналаар сонгогдсон МОХ-ны удирдлагууд юуны учир ийнхүү тамга тэмдэгээ өгөхгүй, суудлаа булаацалдаж байгаа нь хачирхалтай. Олон асуудал дагуулж, хэл ам татлах болсон “хүндхэн” суудлын төлөө оюутнуудын сонголтыг уландаа гишгэж байгаа МОХ-ны удирдлагуудын хууль бус үйлдлийг оюутнууд эсэргүүцэж байгаа юм.
“МОХ-ны эрх барих дээд байгууллага нь Монголын Оюутны Чуулган мөн”. “МОХ-ны Тэргvvн, Дэд Тэргvvнийг Монголын Оюутны Чуулганаас сонгож, чөлөөлөх бөгөөд тvvний чөлөө цагт, МОХ-ны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн хамтарсан хуралдаанаас дээр дурьдсан vндэслэлээр чөлөөлж, нөхөн сонгож болно” хэмээн МОХ-ны дүрмэндээ тодоос тод, цагаан дээр хараар бичжээ. Тиймээс ч жинхэнэ оюутнуудын төлөөлөл болж сонгогдсон удирдлагуудыг нэг өдрийн өмнө ч болтугай тамга тэмдгээ авч, үйл ажиллагаагаа явуулахыг оюутнууд шаардаж байгаа аж.
Өнөөдөр оюутнуудын дунд тулгамдсан олон асуудал байгаа. Тэдгээрээс хамгийн анхаарал татсан гол сэдэв нь яах аргагүй нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийг хэрэгжүүлэх явдал.
МОХ-ны удирдлагууд удаа дараа мэдээлэл хийж, оюутнуудын эрх зөрчигдөж байна, Хотын дарга огцрох ёстой хэмээн мэдээлж, эсэргүүцлийн суулт хүртэл зохион байгуулаад амжсан. Бүр сүүлдээ оюутнууд эрхээ эдлэхийн тулд өлсгөлөн зарлана гэдгээ ч мэдэгдсэн билээ.
Гэтэл 170 мянган оюутнуудын төлөөл гэх уран үгтэй МОХ-ны гурван тэргүүн л дээрх бүх мэдээллийг хийж байсан. Тэдний дунд ямар нэгэн их дээд сургуулийн оюутны төлөөлөл жинхэнэ эрхээ эдлэж чадахгүй байгаа гэх оюутнууд огт байгаагүй нь мөн л тухайн үедээ анхаарал татаж байлаа. Харин энэ бүхний учгийг тайлах мэт энэ бүгд нь зөвхөн шоу байсан гэдгийг манай сайтад хандсан оюутнууд мэдээлсэн юм.
Жил бүрийн хавар Монголын оюутны холбоо оюутнуудаас автобусанд үнэгүй зорчих виза картын захиалга авдаг. Энэ жил ч мөн адил захиалга авч нэг оюутнаас 8900 төгрөг хураажээ.
Уг нь тухайн үед МОХ оюутнуудын одоо хэрэглэж буй цахим картыг 3600 төгрөгөөр захиалж, оюутнуудын эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх гарц байжээ. Гэтэл МОХ оюутнуудаас нэг картыг /Төрийн банкны виза карт/ 8900 төгрөгийн өртөгтэй хэмээн захиалга авсан байна. Гэтэл нөгөөх цахим карт нь өдгөө хэрэггүй хог болсон төдийгүй оюутнуудын гар дээр ч бүрэн ирээгүй байгаа аж.
Ингээд бодохоор 110 мянган оюутны 980 орчим сая төгрөг хэний халаасанд орж, энэ олон сар хэнд хүү болгон халааслагдсан гэдэг нь ч таавар хэвээр байгаа бөгөөд энэ бүгд нь зөвхөн мөнгө угаах хэрэгсэл байсан гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.
МОХ-ны удирдлагууд ээлжит бус чуулганыг тараахыг оролдсон увиагүй үйлдэл гаргасан гэдгийг оюутнууд илчилж байна.
МОХ “оюутнууд” гэх үгийг өөрсдийн үйл ажиллагаа, ашиг сонирхолын төлөө ашиглаж байгаагаас өөр ямар нэгэн дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь оюутнуудын бухимдлыг төрүүлж, ээлжит бус чуулган хуралдуулахад хүргэжээ.
Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ээлжит бус чуулган эхлэх үеэр МОХ-ны удирдлагууд, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд тус хурлыг тараахыг оролдож, ёстой л ширүүхэн тэмцэл болжээ. Гэвч үзэл бодол, эрх ашгийхаа төлөө тэмцсэн оюутнууд ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж, шинэ удирдлагуудаа сонгосон байна.
Ямартай ч МОХ-ны хуучин удирдлагууд нийт оюутнуудынхаа саналыг хүндэтгэж тамга тэмдэгээ нэр төртэйгөөр өгч, улс төрчдийн угтсан хүүхэлдэй бус оюутнуудын төлөөлөл байсан гэдгээ энэхүү үйлдлээрээ харуулна гэдэгт итгэлтэй байгаагаа оюутнууд илэрхийлж байсныг эцэст нь өгүүлье.
Б.Энхжин
Сэтгэгдэл (6)