УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг, үеийн асуудлаар ярилцллаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлага бол бий. Тус хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл мөн. 2012 оны шинэ чуулган эхлэхэд, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентаар ярья. Тэгэхдээ бүх нам хүчний оролцоотой түр Засгийн газар байгуулья. Түр Засгийн газар улс орны аж амьдралыг авч явж байх хооронд Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг батлах ажлыг энэ удаагийн УИХ хийгээд тарья” гэсэн санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед дөнгөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж байсан парламентад энэ санал санаачилга сонсогдоогүй юм шиг байгаа юм. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болсон нь хэд хэдэн шалтгаантай. 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Хоёрдугаарт, системийг тэжээдэг намуудад өөрсдөд нь амьдрах орон зай хумигдаж байна. Нөгөө талаас нь харахад өөрсдийнх нь орон зай ийн хумигдаж байгаа учир өөрсдийн амьдрах орошн зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байгаа байдал ажиглагдаад байгаа юм. Би бол өнөөдрийн УИХ пропорцианаль системээр сонгогдсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардан хийх боломжгүй. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн. Ингэхээр 430 депатутын хийсэн хуулийг 76 гишүүн өөрчлөж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд эцэг хуулийг өөрчлөхөд манай улс 2 сая хүн амтай байсан. Одоо 3 саяулаа болчихлоо. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцвэл хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг би хувьдаа дэмжиж байгаа. Харин хэн хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр бидний санал зөрж байгаа. Ард нийтийн санал энэ чиглэлд үүсэн маргааныг хагална байх гэж бодож байгаа. Харин тэрний оронд энэ парламентийг хүлээн зөвшөөрч байна уу, итгэл үзүүлэх үү үгүй юу гэдэг асуудал бол өөр хэрэг. Хэрэв итгэл үзүүлнэ гэвэл энэ парламент Үндсэн хуулиа батлаад өөрсдөө тарж болно. Үгүй гэвэл шинэ Үндсэн хуулийг батлах шинэ сонгуультай хамт хийх ёстой. Эсвэл бүр ард нийтээс юу асуухаа үнэхээр мэдэхгүй маргалдаад байгаа бол ард нийтийн санал асуулгаар юу асуух вэ гэдгээ асуултаар асууж болно гэх мэт олон хувилбарууд байж болно шүү дээ.
-Үндсэн хуулиа өөрчлөөгүй 100, 200 жил болсон орнууд байдаг. Тэр чинээгээрээ засаглал нь илүү тогтвортой байдаг гэдэг. Гэтэл манай улсад 10 жил ч болоогүй байхад дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь буруу гэж үзэж байгаа хүмүүс бас байна?
-Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрчлөх гээд байгаа юм биш л дээ. Өмнөх “дордохын долоо” гэж нэрлээд байдаг өөрчлөлт бол бас маргаан дагуулсан өөр асуудал л даа. Тэр асуудал руу орохгүйгээр ер нь манай Үндсэн хуулийн юу нь болохгүй байна вэ гэдэг асуудал руу орж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихаас өөр арга байхгүй. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад, МАХН 72 суудалтай засаглал харьцангуй тогтвортой байсан үе бий. Гэхдээ энэ тогтвортой бүтэц өөрөө эрх чөлөө ардчиллыг уландаа гишгэсэн, нэг хүний дарангуйлал хүчтэй байсан гэх мэт алдаа оноо бий л дээ. Засаг тогтворгүй байгаа нь бид нар зөвхөн дотоод улс төр, хэрүүл маргаандаа живээд гаднах ертөнцөд үл ойлгогддог, бидэнтэй томоохон хэмжээний гэрээ хийж болдоггүй гээд маш олон сөрөг үр дагаварт хүргэж байгаа. Ер нь 76 хүн ингэж олон юмыг мэддэг биш, нэг гарт харьцангуй төвлөрүүлэх зарчим руу төрийн өөрчлөлт явах ёстой гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрч байна. Бид нар яг энэ засаглалын хэлбэрийг ард нийтээсээ асууж болно. 76 сайн хүн 4 жил төр барьснаас тийм сайн биш боловч дундаж хэмжээний нэг хүн 10 жил төр барих нь илүү явцтай байж магадгүй юм. Ер нь бид нарт эзэн, хариуцлага хүлээдэг хүн хэрэгтэй байна гэдэг бол засаглалын хэлбэртэй л зайлшгүй холбоотой.
-Энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барихаас өмнө өмнөх 7 өөрчлөлтийн алдаатай заалтан дээр явагдах нь дээ гэмээр байснаа л гэнэт огт өөр өөрчлөлтүүд ороод ирсэн. Өмнөх 7 өөрчлөлтийн асуудал нилээд нам гүм болчихлоо?
-Би энэ өөрчлөлтийн агуулгыг буруу гэж боддоггүй юм. Тухайн үед үүсч байсан зовлонгоос л үүдсэн өөрчлөлтүүд. Яахав буруу гэж ярьдаг ч хүмүүс байдаг. Гэхдээ зөв буруугаас үл хамаараад хамгийн гол нь хуулийн процессийн алдаа маш их гарсан ийм өөрчлөлт шүү дээ. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хүлээж аваагүй. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гээд УИХ шийдсэн. Гэтэл хууль зүйн утгаараа бол цэцийн шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Энэ асуудлаас үүдээд Үндсэн хууль хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй болчихоод байна. Ийм эмх замбараагүй нөхцөлд асуудлыг цэгцлэх шаардлагатай. Ингэхдээ нийтээрээ хэлэлцэж, хүлээн зөвшөөрөгдсөн хууль болох ёстой. Тиймээс Үндсэн хуулийг зөвхөн долоон өөрчлөлтийн хүрээнд хөндөхгүйгээр, төр, нийгмийн гэрээг хүлээн зөвшөөрч болж байна уу үгүй гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Ер нь Үндсэн хууль чинь бүх түвшинд хэрэгжихгүй байгаа юм. Тухайлбал газрын баялаг зөвхөн ард түмний мэдэлд байна гэсэн заалт байдаг. Гэтэл ард түмний мэдэлд байгаа нэг ч баялаг алга. Бүгд олигархиудын мэдэлд байна. Ард түмэн яаж ч эсэргүүцээд, мэдэлдээ авч чадахгүй байна гэх мэт олон асуудал бий. Энэ алдааг ярьж засах шаардлагатай байгаа юм. Долоон өөрчлөлтийн тухайд УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг томилохгүй гацаадаг байсан төрийн хямралын институтийг ямар нэгэн хэмжээгээр арилгаж хялбаршуулсан. Харин ирцийн тухайд бол ухралт гэж олон хүн хэлдэг. Заавал нийт гишүүдийн олонхоор хуралдаж асуудлыг шийддэг байсан бол ирсэн гишүүдийн олонхоор асуудлыг шийддэг болсон. Энэ нь илүү хялбарчилсан хувилбар байж магадгүй. Гэхдээ ЦИХ-ын гишүүдийн ажил бол зөвхөн хуралдаан суух биш. Тойрогтоо ажиллах, гадуур ажиллах олон ажил байдаг учираас ирцийг хялбарчилсан хувилбарыг буруу гэж боддоггүй. Бид Үндсэн хуулийг сууриар нь хөндөж ярих завсар энэ асуулдаа нэгтгэж зангидаад явах хэрэгтэй. Гагцхүү олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Нийтээр зөвшөөрүүлэхийн тулд улс төрийн нам, парламентийн зөвшилцөл хангалтгүй гэж би үзэж байна.
-Ерөнхийлөгч, ерөнхий сайдын засаглалаас аль засаглалыг илүүд үзэж байна вэ?
-Юу гэж нэрлэх нь хамаагүй. Толгойтой эмхтэй, цэгцтэй, удирдлагатай байх нь чухал. Тэр нь ерөнхийлөгч байхуу, эсвэл сая өргөн барьсан хувилбараар ерөнхий сайд байх уу гэдэг нь өөр асуудал. Үүнийг хэлэлцүүлгийн явцад шийдэж болох байх гэж бодож байна.
-Үндсэн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс аль аль заалтыг дзэмжиж байна вэ. Аль заалтыг дэмжихгүй байна вэ? УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ УИХ-ын гишүүдийн тоог өргөн барих боломжгүй гэж мэдэгдээд байгаа шүү дээ?
-Үндсэн хуулийг батлахпаа хүлээн зөвшөөрөгдсөн бүтцээр батлах ёстой. Одоогийн парламент өөрийнхөө түвшинд гишүүдийн тоог 99 болгоно гэвэл нийгэм яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Ийм ёс суртахууны эрх ч байхгүй. Миний хувьд яагаад гарын үсэг зурсан шалтгаан гэвэл. Нэгдүгээрт: Би Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө 10 гаруй жил тэмцсэн. Миний тэр зорилго биелэх гэж байгаа учираас гарын үсэг зурсан. Хоёрдугаарт: Ер нь энэ асуудал нийгмийн хэлэлцүүлэгт орж ирээсэй гэж бодсон. Хэрэв хүлээн зөвшөөрөгдөхгүй, гарын үсэг зурахгүй, өргөн баригдахгүй бол нийгмийн хэлэлцүүлэгрүү орж чадахгүй. Тиймээс сайн мууг нь ярилцаад, гишүүдийн байр суурийг ялгаж тодорхой болгоод яавал дээр юм бэ гэдэг хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй учраас би гарын үсэг зурсан. Харин өөрсдөдөө ямар нэгэн давуу боломжийг 76 гишүүн оруулаад байгаа учраас олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хуулийг өөрчлөх эрх бүхий бүтцийг бий болгох ажлыг энэ УИХ хийх ёстой гэдэг миний байр суурь бий. Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг батлах ёстой. Энэ батлагдсан бүрэлдэхүүн 430 депутатаас дутуугүй байх ёстой гэж үзэж байна. Бид тайван замаар өөрчлөх бүтцийг оруулж ирэхгүй л юм бол нийгмийн улам л хямрал, хагарал руу түлхэх болов уу гэж болгоомжилж байна.
-Таны энэ санал бүлэг дээр яригдаж байгаа юу?
- Би “Шударга ёс” эвслийн бүлэг дээр санал оруулна гэж бодож байна. Гэхдээ ганц гишүүний санал дэмжигдэхгүй биз дээ гээд орхихгүй. Би иргэний хөдөлгөөнд байхдаа л ийм санал, бодолтой байсан. Нийгэмд ямар нэг асуудал гаргалгүйгээр бие, биенээ хүлээн зөвшөөрсөн арга замыг сонгох нь зүйтэй л гэж би хувьдаа хараад байгаа.
- Санал асуулгын тухай хууль Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад орж ирж байна. Сүүлдээ хэлэлцүүлгийн шатанд Үндсэн хуулиас тусд нь хэлэлцэх нь зүйтэй гэдэг хандлага руу яваад байх шиг. Та энэ хуулийг батлах нь зөв гэж үзэж байна уу? Батлавал яаж батлах хэрэгтэй гэж үзэж байна вэ?
- Одоо бол механик өөрчлөлтүүд байгаа юм. Тэгэхээр батлахад ямар нэг хүндрэлгүй болов уу гэж бодож байна. Сонгуулийн хуулийг машинаар тоолно. Яг энэ системийг Санал асуулгын тухай хуульруугаа оруулахгүй бол болохгүй. Санал асуулгын тухай хуульд тусгагдаагүй байгаа шүү дээ. Машинаар тоолвол машинаар тоолсон дүндээ талууд маргаантай байвал дахиж гараар тоолох энэ асуудал яг адилхан. Санал асуулгын тухай хууль дээр ороод явах болов уу гэж бодож байна. Ийм механик л өөрчлөлт.Түүнээс агуулгын өөрчлөлт байхгүй. Энэ хуулийн өөрчлөлт ороод ирвэл дараагаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл орж ирнэ. Тогтоолын төсөл бол агуулгаарааа огт хүлээн зөвшөөрөгдөхгүй заалттай байгаа. Тогтоолын төслийн агуулгыг ард нийтээрээ хэлэлцэж байгаад оруулж ирж болно. Ямар ч байсан эдгээр асуудлууд хэлэлцүүлгийн шатанд ороод ирээсэй гэдэг л байр суурьтай байна. Бид зөв буруугаа ярилцаж, нийгмийн хэлэлцүүлэг болгох ёстой.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (17)