Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын түвшинд эх, захгүй маргалдаж байна. МАН-ын бүлгээс “Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй. Манай бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа” хэмээн мэдэгдсэн. Харин АН-ын бүлэг "Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна" гэсэн боловч дэмжихгүй байгаа гишүүд ч тус бүлэгт цөөнгүй бий гэдэг. Энэ мэт Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар парламентын гишүүд хоёр хуваагдаад байгаа үед Монголын үе, үеийн Ерөнхий сайдууд уг асуудлаар юу гэж байр, сууриа илэрхийлснийг хүргэе.
С.Бямбасүрэн: Ерөнхийлөгчөө Их хурлаас сонгодог болох тухай байх шиг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг Их хурлын 76 гишүүн сонгох нь л дээ. Тэгээд Ерөнхий сайддаа бүх эрх мэдлийг өгч тэр нь Засгийн газраа Их хурлын гадна байгуулаад явна гэнэ. Одоогийн Засгийн газрыг харахад, миний ойлгож байгаагаар гадаадын баяны гал тогооны өрөөнөөс гарсан Засгийн газартай байна шүү дээ. Үүнээс өөр эрх мэдлээр тоглодог Засгийн газар гэж хаа байхав. Монголын ард түмэнд өнөөдөр төрөө төвхнүүлэх маш том ганхашгүй үүрэг нь Ерөнхийлөгчөө сонгох шүү дээ. Ард түмэн нэг тойрог болж Ерөнхийлөгчөө сонгодог, итгэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийг Их хурлаас томилдог болох юм бол яах вэ. Их хурал гэдэг маань юу билээ. Ташаа төсөөллөөр бол Ардчилсан нам, Ардын нам хоёрын гол өрсөлдөөний талбар биш шүү дээ. Одоо Монголын улс төрийн тавцан дээр олигархиуд гараад ирлээ. Өмнө нь Монголын эдийн засаг, улстөрийн ашиг сонирхлыг зангидсан олигархи бүлэглэл гэж байгаагүй, одооны шинэ үзэгдэл. Гадны аж ахуй нэгжүүдийн сонирхол ороод ирлээ. Магадгүй гадны том гүрнүүдийн улстөрийн сонирхол ч энэ дотор ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Монголын улстөрд тоглогчид олон янз болж. Ийм нөхцөлд Монголын төрийг улам хэврэг болгож, Ерөнхий сайд гэж нэг хүн томилоод ард нь дураараа болдог бол бид Украиныг харж байна.
С.Содном: УИХ-аас томилсон ажлын хэсгийн боловсруулаад байгаа одоогийн төслөөр Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж бодож байна. Яагаад гэвэл хуулийн нэр, сонгуулийн хугацааг өөрчлөх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх үүрэгт зарим өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэргээр шинэчилбэл одоо нүүрлээд байгаа улс төр, эдийн засгийн хүндрэлийг арилгах биш харин ч гүнзгийрүүлж магадгүй юм. Учир нь улс төр, эдийн засаг, нийгэм хямарч, төр, улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларч байгаа гол шалтгаан нь “Засгийн бүр эрх ард түмний мэдэлд байх”, “УИХ-ын гишүүдийг иргэд шууд сонгодог байх” зэрэг Үндсэн хуулийн суурь заалтыг улс төрийн намууд ноцтой гажуудуулж байгаагаас үүдэлтэй гэж боддог. Мөн хөгжлийн цэгцтэй бодлогоор улс орныг авч явах чадамжгүй байна. Түүнчлэн Төрийн албан хаагчдыг бүх түвшинд тогтвортой үр ашигтай ажиллуулахгүй байх, Монголыг хөгжлийн хэтийг харсан бодлого төлөвлөгөөгүй улс болгосон, ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэсэн сурталчилгаа туйлширч сахилга, дэг журамгүй байдал газар авч байгаатай холбоотой. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол дээрх гажуудлыг засах зорилго агуулсан өөрчлөлтийг холбогдох бусад хуульд оруулах, иж бүрдлээр боловсруулж байж шийдэх хэрэгтэй. Тухайлбал, Сонгуулийн тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулийг шүү дээ. Сум дүүрэг бүрээс сонгогдсон 400 орчим гишүүнтэй дээд танхим буюу ардын их хуралтай, Ардын Их хурлаас сонгож томилсон 35-40 гишүүнтэй байнгын ажиллаагтай хууль боловсруулж гаргах үүрэгтэй доод танхим буюу Улсын бага хуралтай болох явдал. Ийм өөрчлөлт хийвэл төрийн эрх барих эрх ард түмний мэдэлд ойртоно. Улс төрийн намын нэрээр засгийн эрхэнд хууль зөрчин гарч ирж засаглалыг хямрааж байгааг сонсооно. Миний бодлоор ямар нэг улс төрийн намаас хамааралгүй, хууль ба нийгмийн шинжлэх ухааны мэргэжилтэй эрдэмтэд, төрийн ажлын туршлагатай, төр засгийн албан тушаал эрх мэдэлд шуналгүй хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулбал ҮХ-д оруулах өөрчлөлтөөр холбогдох хуультай нь хамтатган боловсруулсан сайн төсөлтэй болох байх.
Ц.Элбэгдорж: Үндсэн хуулийн талаар ярилцах цаг нь болсон. Миний хувьд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Гуравны нэг, үндсэн яамдын сайд УИХ-ын гишүүн байх хэрэгтэй гэж ярьж байна. Гэхдээ ингэж батлаад л гуравны нэг дээрээ зодолдоод эхэлнэ. Яамдын тоогоо нэмээд л үүнийгээ тойрч гарах олон арга бий. Одоо УИХ-д нэр дэвших хүмүүс үүнийг сайн бодох хэрэгтэй. УИХ-ын гишүүн болбол намын дарга, олон хүний санал авбал Ерөнхий сайд болж болно, бусад суудал хаалттай гэдгийг бодолцох хэрэгтэй. Парламентаас Засгийн газрын гишүүнээ томилоод сууж байдаг, түүнийгээ огцруулна гээд давхиж явдаг парламент дэлхийд маш цөөхөн. Одоо манайхан томилгоонд дуртай, томилгоо гоё, түүгээр дамжуулж бизнес, улс төрийн шахалтаа оруулдаг гэсэн ойлголттой. Түүнээс болоод УИХ-ын гишүүн болох юмсан гэсэн мөрөөдөлтэй хүн олонтой нийгэм болж байна. Тэгэхээр нэг ч их сонирхохоор ажил биш шүү, ард олны төлөө гэсэн сэтгэлтэй яваарай гэсэн байран дээр нь тавих хэрэгтэй. Бүх юмыг парламент руу авчрах хэрэггүй. Энэ дээр зааг ялгаа хэрэгтэй.
Н.Энхбаяр: - Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бол бий. Гэхдээ цаг нь мөн үү, энэ парламент хийж чадах уу, өргөн барьсан төсөл нь ард түмний хүсэн хүлээсэн өөрчлөлтийш хийж чадах уу гэдэг дээр янз янзын санал уралдаж байна. Би энэ төслийг үзээгүй болохоор тэр нь зөв, энэ нь буруу гэж юм хэлж чадахгүй. Хэвлэл мэдээллээс харахад дутуу дулимаг боловсруулсан болов уу гэж харагдаж байгаа. Наад зах нь 99 гишүүнтэй болгоно гэдэг тоог яаж гаргаж ирсэн юм бэ гэж иргэд бухимдаж байхыг сонсоод тэр төслийг харах хэрэгтэй юм байна л гэж бодож байна. Болж өгвөл ҮХ-ийн өөрчлөлтөд их нухацтай хандаж, шинжлэх ухаанч байдлаар их олон талаас нь харж, эрдэмтдийг оруулж, ард түмэнтэйгээ зөвлөж байж, Монгол улсын хөгжлийг дэмжсэн төсөл боловсруулаасай гэж бодож байна. Би өөрөө ч энэ ажилд оролцож, санал бодлоо хуваалцахад бэлэн байна.
УИХ-ын гишүүн М.Энхболд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Засч янзлах анхаарах шаардлага бий боловч өнөөдөр бололцоо байхгүй. Өнгөрсөн есдүгээр сарын 6-нд улс төрийн намуудын удирдлагуудыг оролцуулсан үндэсний зөвшилцлийн 13 дахь удаагийн уулзалт хийсэн. Түүнд оролцсон Монголын улс төрийн намуудын дөрөвны гурав нь энэ УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж дүгнэж байгаа. Хоёрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан төсөл нь ажлын хэсгийн гишүүдийнхээ санаа бодлыг бүрэн дүүрэн тусгаагүй. УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож байгааг яриагүй, таван жилийн хугацаатай сонгогдохыг ажлын хэсэгтэйгээ яриагүй. Ард нийтийн санал асуулга явуулахаа ч ажлын хэсэг дээр яриагүй. Нэг хүн хуйвалдааны зарчмаар оруулж ирсэн гэж харахад хүргэж байгаа. Гуравт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан УИХ-ын дэд дарга Л.Цог гарын үсгээ зураагүй байгаа. Дөрөвт, нэг үйл ажиллагаа хийхийн тулд нэг хууль өөрчилж байгаа нь буруу. УИХ нэг компанид зориулж, нэг хүнд зориулж хууль гаргадаггүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуулийг хамгаалж буй бүхий л хуулийг өөрчлөхөөр оруулж ирж байна. Он гарахад 40-50 хоног үлдлээ. Цаг хугацаа талаасаа боломжгүй.
Р.Амаржаргал: Үндсэн хуулийг яаран өөрчлөх гэж байна. Үндсэн хуулийг яагаад өөрчлөх гээд байгааг хардах эрхтэй. Монгол улсын Үндсэн хууль хэний, ямар ашиг сонирхлыг хөндөөд байна вэ. Бид нар Үндсэн хуулийг өөрчлөх 3-4 хуудас материалд анхаараад байна. Үүний цаана ямар ашиг сонирхол байна гэдгийг ярих ёстой. Байгалийн баялаг дээр тулгуурласан асар том эдийн засгийн эрх мэдлийг эдлэхэд саад болж байгаа зүйлүүдийг Үндсэн хуулиар арилгах гэж байна гэсэн ойлголт төрж байна. Үүний цаана гадны хөрөнгө оруулагчдын сонирхол бий юу, үгүй юу. Энэ утгаараа Үндсэн хууль шалгууртай, холч чанартай юм. Маргааш, нөгөөдөр, сар, жилийн дараах юмыг олж харах ёстой. Ард иргэдээс асуу. Битгий салхи шиг хийс. Нухацтай хандах хэрэгтэй. Одоо эд нар "Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй юу, хэрэггүй юу" гэж иргэдээс асууна. Харин иргэдийн 70 хувь нь хэрэгтэй гэж хариулна. Тэгэнгүүт "Өө ард түмэн өөрчлөлт оруул" гэсэн гээд дураараа дургих нь. Асуудал өөрчлөлт оруулахад байгаа юм биш. Асуудал нь үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаад байна. Бяцхан заль хэрэглэх гээд байна уу. Ард түмнээрээ хэлэлцүүлэхгүй бол дордохын долоо, найм, ес, арван хоёрч болж мэднэ.
Т.Хулан
Сэтгэгдэл (38)