Шинжлэх ухааны салбарынхныг хамарсан нэгэн томоохон чуулга уулзалт удахгүй болох гэж байна. “Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем” нэртэй уг чуулган нөгөөдөр буюу 26-нд Төрийн ордонд нээлтээ хийнэ.
Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистемийн талаар салбарынхны санаа бодлоо илэрхийлж, туршлагаа хуваалцах уг чуулган нь олон улсын түвшинд анхлан болж буйгаараа онцлогтой. Чуулганыг нээж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж үг хэлэх аж.
Хоёр өдрийн турш үргэлжлэх уг чуулганаар “Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем” болон шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх талаар гадаад, дотоодын бодлого гаргагчид, шинжээч, судлаачдын үгийг сонсох юм. Уулзалтын зорилго нь шинжлэх ухаан, технологийн бүсийн бүтэц, зохион байгуулалт, менежмент болон улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол улсад шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах юм.
Чуулга уулзалтад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын туршлагатай зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, энтерпренёрүүд, бодлого тодорхойлогчид, Үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, их сургуулийн багш нар, аж үйлдвэрийн салбарынхан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран оролцоно. Тодруулбал, SQW China компанийн гүйцэтгэх захирал Гари Хо, Японы шинжлэх ухаан технологийн агентлагийн ерөнхийлөгчийн зөвлөх Масуо Айзава, Хок фирмийн дэд ерөнхийлөгч Билл Оделл, Солонгосын Сүн Чун Хянг их сургуулийн судалгаа хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч Хак Мин Ким зэрэг тэргүүтэй олон эрдэмтэн, судлаачид оролцож Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистемийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавих юм.
Шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготой манай орны эрдэмтэн, судлаачдын хувьд уг чуулга уулзалт нь мэдлэгээ нэмэгдүүлэх, туршлага солилцох томоохон арга хэмжээ болно гэж БСШУ-аас мэдэгдэж байна.
Чуулга уулзалтын хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл (1)