Австралийн Сидней хотноо Монгол залуус хүчингийн хэрэг үйлдсэн гэх мэдээлэл тархсан. Улмаар тэдгээр залуусыг энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр саатуулсан байдаг.
Тодруулбал, Монгол залуус Backpage.com.au сайтаар дамжуулан хохирогч бүсгүйтэй секс хийхээр тохирч, уулзсан газраа хүйтэн мэс хэрэглэн, бүлэглэн хүчиндэж, дээрэмдсэн байна. Эл хэргийг оюутны түр визатай оршин суугч 21 настай Б, 22 настай Т үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа юм.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Гэмт хэрэгт холбогдсон хоёр залуугийн хоёр дахь шатны шүүх хурал энэ сарын 19-ны өдөр болсон. Манай хоёр иргэнийг тухайн хэрэгт буруутгах хангалттай баримт нотолгоо байхгүй байгаа тул үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж шийдвэр гарсан байгаа. Дараагийн шатны шүүх хурал товлогдоогүй байна. Ер нь манай хоёр иргэний талд шүүхийн шийдвэр гарах байх гэж найдаж байгаа. Шаардлагатай өмгөөлөгчийг томилсон. Мөн ар гэрийнхэн нь Австрали улсад очиж хүүхдүүдтэйгээ уулзсан” гэв.
Нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн удаад хойшлогдсон уг шүүх хурал энэ удаад үргэлжлүүлэн шалгагдахаар болоод байна.
Энэ мэт Монгол залуус гадны оронд суралцаж, ажиллахаар очихдоо гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгааг албаныхан хэлж байна.
Тэр дундаа хар тамхины хэрэг үйлдэж харийн оронд ял авч байгаа монгол залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг хуулийн байгууллагынхан анхааруулж байна.
Тухайлбал, Манай улсын иргэн Н.Золзаяад хар тамхины хэргээр Малайзын шүүхээс цаазын ял оноосон. Анхан шатны шүүхээс Н.Золзаяаг гэм буруугүй гэж үзсэн ч давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон. Одоо Дээд шүүхийн хуралдааныг хүлээж байгаа юм.
Ялангуяа БНХАУ-д манай улсын иргэд гэмт хэрэгт их холбогддог. Хулгай хийх, биеэ үнэлэх зэрэг гарсаар байна. ГХЯ-ны зүгээс мэдээлэл ирсэн даруйд тухайн саатуулсан хүчний байгууллагатай холбогдож, шаардлагатай тохиолдолд орчуулагчаар хангах, өмгөөлөгч олж өгөхийг хүсэх, ар гэрийнхэнд нь мэдээлэх зэргээр ажиллаж байна. Мөн хэрэг гарсан хойно нь биш аль болох урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга, сурталчилгаа байнга хийж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)