Энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр Малайз улсад н.Номин-Эрдэнэ гэх Монгол эмэгтэй буудуулж, халдлагад өртсөн дөрөв дэх монгол эмэгтэй болсон билээ.
н.Номин-Эрдэнэ бизнесмэн найз залуугийнхаа хамтаар автомашинд явж байгаад цээжин тус газраа таван удаа буудуулсан гэгддэг. Түүнийг найз залуу болох 35 настай Малайзын нэгэн бизнесмэний хамт явж байгаад найз залууг нь онилсон гэмт этгээдүүдийн суманд өртсөн гэж эх сурвалжууд тухайн үед мэдээлж байв.
Тэдэн рүү хоёр гэмт этгээд халдсан гэх бөгөөд найман удаа буудсаны тав нь Номин-Эрдэнийг оносон ч амьд үлдсэн юм. Тэгвэл Гадаад хэргийн яамны мэдээлснээр уг хэрэг одоогоор тус улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдоос тодрууллаа.
-Малайз улсад манай улсын элчин сайдын яам байхгүй учраас гэмт хэргийн золиос болох тохиолдол их гардаг. Харин саяхан өргөмжит Консулын газартай боллоо. Үр дүн гарч байна уу?
-Өмнө нь байж байгаад нэг хэсэг хаагаад эргээд байгуулсан. Өргөмжит консул гэдэг маань тухайн улсын иргэн байгаа. Монгол улсыг төлөөлж ажиллах сонирхолтой, монгол иргэдэд туслалцаа дэмжлэг үзүүлэх хүсэл эрмэлзэлтэй, санхүүгийн чадамжтай иргэнийг сонгон шалгаруулж ажиллуулдаг. Малайзад ч энэхүү шаардлагаа тавин ажиллуулж байгаа. Үр дүн мэдээж гарч байна.
-Мафийн золиос болж буудуулсан эмэгтэйн хэрэг шийдэгдсэн үү. Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Эмэгтэйн хувьд эмнэлэгт хэвтэн шаардлагатай эмчилгээнүүдээ хийлгэж, биеийн байдал нь сайжирсан. Ар гэрийнхэн нь монголоос очиж уулзсан байдаг. Уг хэрэгтэй холбогдуулан эмэгтэйг шалгах шаардлагатай гэж үзсэн учраас Малайзад байцаалт өгөөд явж байгаа. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна.
-Хэрэгт ямар хүмүүсийг сэжиглэн шалгаж байгаа вэ?
-Машинд нь хамт явж байсан, буудсан этгээдүүдийг сэжиглэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Мөрдөн байцаалтын явцад яваа хэрэг учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гээд байгаа. Хэрэг шийдэгдсэний дараа Элчин сайдын яамаараа дамжуулан мэдээлэл авч мэдээлэх болно.
Дашрамд хэлэхэд, Малайзад амиа хорлосон гэх манай улсын иргэн найзуудтайгаа наргиж байгаад маргалдан, цонхоороо үсэрч нас барсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тухайн улсын цагдаагийн газраас шалгаж амиа хорлосонг нь тогтоосон байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)