Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Монгол Улс дахь элчин сайдын яаманд хулгай орсон талаар нэг хэсэгтээ шуугисан.
Тодруулбал, энэ сарын 09-ний өдрийн 12.30 цагт Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах БНАСАУ буюу Хойд Солонгосын элчин сайдын яаманд хулгай орсон гэх мэдээлэл байгаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хулгайн хэрэг нь ахуйн чанартай, орон байрны хулгай байсан бөгөөд яамнаас 49 инчийн дэлгэцтэй гэрийн театр, өсгөгч, CD тоглуулагч зэрэг эд зүйлс алдагдсан гэх мэдээллийг өгч байсан.
Харин хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүрэг дээр шалгаж, хэргийн газар дээрээс авсан эд мөрийн баримтын дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар ч албаныхан мэдээлсэн билээ.
Тэгвэл хэргийн талаар ГХЯ-ны холбогдох албаны хүнээс тодруулахад "БНСАУ-ын Элчин сайдын гэрээс зарим зүйл хулгайд алдагдсан хэрэг гарсан. Яамны байр одоогоор засвартай байгаа учраас Дипломт 95 гэх цогцолборт элчин сайдынхныг түр нүүлгэн шилжүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна. Удахгүй байрны засвар дуусч байрандаа буцаж нүүж орно. Хулгайч орсон хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа. Дипломт 95 бол өөрөө харуул хамгаалалт сайтай цогцолбор юм" гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/