Нийслэлийн ИТХ энэ сарын 23-нд хуралдах байсан ч МАН-ын бүлэг завсарлага авснаар 26-нд үргэлжлүүлэн хуралдахаар болсон. ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаанаар 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах, “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч хойшилсон. Сөрөг хүчин завсарлага авсан шалтгаанаа 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотголд дурдагдсан олон тэрбум төгрөгийн өртөгтэй хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний тайланг хэт хураагуй, багцалсан байдлаар хуралд тайлагнаж байгааг хангалтгүй гэж үзжээ. МАН-ын бүлгээс төсвийн тодотгол, хөрөнгө оруулалтын тайланд аудит хийж, санал зөвлөмжийг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж үзжээ.