Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд эхийн эндэгдэл гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Тодруулбал, 27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан төдийгүй хүүхэд нь бүтэлттэй төрж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Эх сурвалж хэлэхдээ эмч нар тоохгүй, хайхрамжгүй байсаар байгаад уг бүсгүй төрөхийн хүндрэлээр, тээж байсан хүүхэдтэйгээ хамт амиа алдсан гэж мэдээлсэн. Энэхүү мэдээллийг тус эмнэлгийн зүгээс баталсан бөгөөд “Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Эмч буруутай эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно” гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр талийгаач бүсгүйн аав Л.Лагсаннамдагийн ярилцлага олны анхаарлыг татаж эхэллээ. Тэрбээр "Ор байхгүй гэх шалтгаанаар төрөх хугацаа нь болоод өвдөж байгаа охиныг маань үзэхгүй байсаар байгаад эцэст нь амьдаар нь өмхийрүүлж аллаа. Охин, охиныхоо төрүүлсэн хүүхдийн цогцсыг шүүх эмнэлгээр шинжлүүлэхээр хөөцөлдөж байна. Бидний хувьд маш их гомдолтой байгаа" гэв.
Д.Дуулим
Сэтгэгдэл (8)