Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж дуусахад cap гаруйхан хугацаа үлдэж байна. Энэ хуулийг Сангийн яам, НДЕГ, Татвар болон Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн таван байгууллага үйл ажиллагааныхаа чиглэлээр өөр чиг үүргийг гүйцэтгэж байгаа. Энэ удаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржоос дараах тодруулгыг авлаа.
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулиар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, дутуу төлж байснаа ил болгож тайлагнах боломжийг аж ахуйн нэгж, байгууллагад бий болгож өгсөн. Энэ боломжоо аж ахуйн нэгжүүд хэр ашиглаж байна вэ?
-Бидний төсөөлж байснаас цөөн байна. Өнөөдрийн байдлаар 100 орчим аж ахуйн нэгж, байгууллага л тайлан өгсөн. Гэхдээ манайд тайлан өгөхөөс өмнө Сангийн яам, Татварын байгууллагад хандах учиртай. Тиймээс өмнөх шатандаа удааширч байж магадгүй.
-Хэдэн оноос хойш төлөөгүй шимтгэлээ ил болгон мэдүүлж болох вэ?
-1995 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны гуравдугаар сарын 31 хүртэл буюу нийт 20 жил гурван сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ заавал төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээдэд боломж олгож байгаа юм. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, зарим хэсгийг нь нуусан зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсан бол ил болгох боломжтой.
-Дээрх хугацаанд ажилгүй байсан, сайн дурын даатгуулагчид төлөлгүй тасалдуулсан шимтгэлээ нөхөн төлж болох уу?
-Хүмүүс нэг юмыг ойлгох хэрэгтэй. Энэ хууль зөвхөн албан журмын даатгал буюу заавал даатгалын харилцааг зохицуулах юм. Албан журмын даатгал гэдэг нь, нэг ажилтан гэрээ байгуулж хэдий хугацаанд ч юм ажил гүйцэтгэж цалин авсан л бол нийгмийн даатгалын шимтгэл заавал төлж байх хуультай. Сайн дурын даатгуулагч шимтгэлээ төлөхгүй ч байх эрхтэй. Тэдэнд төлөөгүй шимтгэлээ нуух шаардлага байхгүй. Тиймээс одоо хэрэгжиж байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд огт хамаагүй юм.
-Хуульд хамрагдах хүсэлтэй бол тайлангаа хэрхэн өгөх ёстой вэ?
-Өмнө нь огт бүртгүүлж байгаагүй бол улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн онд хүн амын орлогын албан татвараа тайлагнаж байсан нь тайлангаа, тайлагнаагүй бол цахимаар тайлагнаж, түүнийгээ хэвлэж авчирна. Хэдэн хүнд хэдэн cap дараалан цалин олгосон гэдгээ баталж, нийгмийн даатгалын шимтгэлийг заавал нөхөж төлнө.
-Төлөөгүй шимтгэлийг заавал нөхөн төлүүлэх юм уу. Үүнээс чөлөөлөх нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үндсэн зорилго биш юмуу?
-Шимтгэлийг заавал нөхөн төлүүлнэ. Хэрвээ нийгмийн даатгалын шимтгэлийг нь нөхөж төлөхгүй бол ажилтных нь ажиллласан жил хасагдана. Тэттэвэр, тэтгэмж авах эрхэнд нь халдаж байгаа хэрэг. Харин шимтгэлээ төлөөгүй, нуун дарагдуулсны торгууль, алдангиас чөлөөлнө.
-Шимтгэлийг нөхөж төлснөөр ямар ач холбогдолтой вэ?
-Хаягдсан, нуусан цалин хөлсийг ил болгон тайлагнаснаар тухайн байгууллага ажилтныхаа тэтгэвэр тэтгэмж авах эрхийг нээж өгч байгаа хэрэг. Тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй байх, цалинг нь багасгаж шимтгэл төлснөөр тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурах гэх зэрэг эрсдлийг бууруулна. Нийгмийн даатгалын харилцаанд төр, ажил олгогч, даатгуулагч гэсэн гурван тал оролцдог. Даатгалын үр шимийг иргэн буюу даатгуулагч л хүртдэг шүү дээ.
-Тэгвэл ажилтнууд тайлангаа гаргаж өгөхийг шаардах ёстой юм байна, тийм үү?
-Тийм, байгууллага шимтгэлийг төлөөгүй тохиолдолд таны хөдөлмөр, цаг хугацаа алдагдаж байна гэсэн үг. Хуулийн дагуу тайлан хүлээн авч дуусах хугацаа арванхоёрдугаар сарын 31. Бусад байгууллагаас өөр нь манайх тайланг заавал цаасан хэлбэрээр авч байгаа. Цаг хугацаа шаардлагатай учраас тайлангаа эрт өгөөрэй гэж хэлмээр байна.
24tsag.mn