Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яамтай хамтран “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол, практикийн хурлыг Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг нээж Хууль зүйн сайд Д.Дорлигжав үг хэлж онол, практикийн хурлын ач холбогдлын талаар танилцуулсан юм. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам түүний харьяа агентлагууд, Хүний эрхийн үндэсний комисс, Авилгатай тэмцэх газар, Монголын хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэл болон их, дээд сургуулиуд зэрэг төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимийн шүүгч Д.Мөнхтуяа “Эрх зөрчигдсөн маргааныг шүүхээр шийдвэрлэж буй практик” сэдвээр мэдээлэл, МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаар танилцуулга хийж онол, практикийн хурлаас гаргасан зөвлөмж, оролцогчдын саналаас шаардлагатай зүйлсийг нь уг хуульд тусгах тухайгаа илэрхийлсэн.
Хэлэлцүүлгийн шатанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Өнөөдөр манай улсад “төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд” гэсэн нэгдсэн ойлголт байхгүй байгаа нь үнэн. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад хуулиар зохицуулагдаагүй харилцааг албаны журам, заавраар зохицуулдаг. Гэвч шүүх дээр очиход хуулиас давсан дүрэм, журам заавар байж болохгүй гэж үздэг. Төрөөс гаргаж буй актуудад ойлгомжгүй зүйл их байдаг. Тиймээс төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд уламжлалаа харах ёстой. Мөн стандартуудыг эрх зүйн хүчин чадлаар зааглах шаардлагатай. Хуулийн хүчин чадалтай стандартуудыг хэн гаргах, тэр стандартыг хэн батлах, тухайн стандартыг шүүх, хуулийн байгууллага ямар түвшинд авч үзэх вэ гэдэг асуудал тулгарч байна” гэдгийг онцолж байлаа.
Онол, практикийн хурлаар төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагын стратеги, бодлогын түвшинд тулгамдаж буй асуудал, төрийн албан хаагчийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, албан тушаалд дэвших, албан тушаалтныг сургах, төрийн албаны чадахуйн зарчим зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж хуралд оролцогчдын саналуудыг нэгтгэн зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болов.