УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ирэх оноос эхлэн цэргийн алба хаах хугацааг хоёр жил болгоод 1000 цэрэг татан төмөр зам бариулах тухай ам хуурайгүй ярих боллоо. “Женко” л нэг ийм санаа хэлсэний дагуу тууж байгаа хэрэг л дээ.
Ингэхэд хүний хэл хөдлөхөөс өмнө толгой нь ажиллаж байвал зүгээр гэсэн нэг үг байдаг. Бас данх дүүрэн ус буцлахдаа чимээгүй байдаг бол дундуурхан нь сүртэйгээр шуугидаг гэсэн үг ч бий. Үүнийг л миний бие энэ эрхмүүдэд зориулж хэлмээр байна. Яагаад гэхээр өнөөдөр Хилийн цэргээ тэжээж чадахгүй байгаагаас цалингийн нь 10%-ийг хасчихаад сууж буй хэрнээ хаанаасаа ямар мөнгө гаргаад 1000 цэргийг дарга нартай нь тэжээх гээд байгаа юм бол. Үнэхээр гайхалтай. Мөн дэлхий даяар дээлээ тайлах завгүй бужигналдаж, дээр дороо орон үймэлдэж байгаа үед Монгол Улсад хил хэрэгтэй юу, төмөр зам нь чухал уу. Ингэхэд ямар ч үед бүүр адгийн наймаачны шунал гозойж байсан ч хаа очиж эх орноо худалдах хэмжээнд хэзээ ч очиж байгаагүй юм гэнэ билээ. Ийм жишээ дэлхийгээр дүүрэн. Одоо харин манай наймаачид идэж уухын дон туссан эвэр хошуутнуудтай тун төстэй харагдах болж.
Европ нэг хэсэг хилээр яахав гэж байсан үе бий. Өнөөдөр яаж байна. Унгар хилийн цэргээ сэргээж, хилээ тойруулан тор татах бус хашаа барьж эхэллээ. Македони яаж байна. Чехийг хар. Дүрвэгсдийн давалгаанд нэрвэгдсэн хөгшин Европ террористуудын дарамтад чичирч сууна. Тиймээс хилээ хэрхэн чангатгах талаар ярьж эхэллээ шүү дээ. Гэтэл манайхан Хилийн цэргийнхээ цалинг хасаад, тэгсэн мөртөө 1000 цэрэг татаж, сард нэг сая төгрөгийн цалин өгнө хэмээн ёстой сэрүүн зүүдэлж хэвтэх юм. Үүнийг сонгуулийн солиорол гэхэд хэцүү. Харин ухаангүй хүний нүд хананд гаргасан нүхтэй адил гэсэнтэй дүйж магадгүй. Яагаад гэхээр хэн нэгэнд өнөөдрийнхөө цаг үеийг мэдрэх, түүнтэйгээ харьцуулан судалгаа хийх, хийсэн судалгаан дээрээ үндэслэн шийдвэрээ гаргаад дараа нь олон нийтэд зарлана гэсэн маш энгийн логик захын пацаанд үйлчилж байгаа шүү дээ. Алсын хараа гэсэн үг л дээ.
Харин армид дүрэм давсан ардчилал байх ёстой гэж үздэг эцэг эхчүүд өнөөдөр энхрий хүүхдүүдээрээ хөдөлмөр хийлгүүлэх үү, үгүй юу.
Харин түүний оронд Монголд байгаа янз бүрийн хугацаагаар хоригдох ялаар шийтгүүлсэн 8000 хүнээ энэ замын ажилд ашиглая гэвэл өөр хэрэг. Хэн хэнд нь хэрэгтэй. Гэтэл энэ талаар дуугарах нь битгий хэл шорон манадаг хүмүүсийн цалинг хэвээр үлдээсэн хэрнээ эх орныхоо хилийг манадаг хүмүүсийн цалинг танаж байгаа энэ гишүүдийг яалтай билээ.
Манайд 1000 цэрэг дайчилж, “Мянганы замд” ажиллуулсан маш ойрын жишээ бий. Завхан аймгийн Яруу сумын Нарийн давааг дайруулан 1000 цэрэг зам тавив. Зунжингаа юм болов. Бензин тосоо нутгийнханд зарав. Нутгийн нэрмэл үнэд оров. Айл бүхэн сайхан хүрзтэй боллоо гээд тоочвол барахгүй их юм бий. Одоо нөгөө замаас нь энэ гээд үзүүлчих юм үзээд өгье гэсэн ч байдаггүй. Харин уг даваан дээр “Цэргийн” гэх тодотголтой нэгэн том чулуун овоо л үлджээ.
1000 цэргийг дайчилж болно. Харин армид дүрэм давсан ардчилал байх ёстой гэж үздэг эцэг эхчүүд өнөөдөр энхрий хүүхдүүдээрээ хөдөлмөр хийлгүүлэх үү, үгүй юу. Саяхан л гэхэд Хөвсгөлөөс ирсэн хэсэг эцэг эх хүүхдүүдээ цэрэгт явуулахгүй гэсэн утгатай хэвлэлийн бага хурал хийгээд, эрхэм гишүүн Ц.Даваасүрэнтэй хамт сууж байгаа харагдсандаг. Ерөнхийдөө цэцэрлэгийн хүүхэд шиг бөөцийлөөд байхад л хүүхэд дэглэжээ, өглөө гүйлгэж харайлгасан байна гээд заргалдаад унадаг эцэг эхчүүдийг яах юм бол.
Нөгөө талаас 1000 цэргийг эхлээд заавал сургаж таарна. Тэднийг харж хандах шат шатны дарга нар хэрэгтэй. Манай төмөр замыг тавьсан Оросын олзлогдогсдын алдарт “505” дугаар ангийнхан шиг байлгахгүй нь мэдээж шүү дээ. Ажил хийгээгүй, жаахан хазгай гишгэснийг нь шууд буудаад л.
Цэргүүд дэгтэй байж л ажил хийдэг. Бас мэргэжилтэй байх ёстой. Төмөр замын ажил маш нарийн бөгөөд хуучин Зөвлөлтийн арми Төмөр замын цэрэгтэй байсан юм. Манайд ч нэг бригад байлаа. Тас хар мөрдэстэй нөхдүүд явдаг байсныг санах нэгэн бий биз. Оросууд эхний жил төмөр замын ажилд сургаад дараагийн нэг жил нь ажиллуулдаг байв. Гэтэл Л.Эрдэнэчимэг хатагтайн яриагаар бол шууд л 1000 цэрэгт хүрз бариулаад оруулчих шинжтэй. Одоо чинь Хятадад соёлын хувьсгал хийж байсан шиг үе биш шүү дээ. Оюун ухааны, техник технологийн зуун.
Манайд 1000 цэргийг цуглуулж байсан саяхны түүхийг дээр өгүүлсэн. Тэгвэл 1880 онд 1000 цэрэг цуглуулсан чинь Онолт гэдэг нөхөр бослого гаргаж байжээ. 1900 онд Улиастайд Энхтайван гэдэг нөхрөөр удирдуулсан 1000 цэрэг мөн л өмхий мах өглөө гээд бослого гаргаж байсан түүхтэй. Өө нээрээ, социализмын үед Дарханд 1000 цэрэг бослого гаргасан тухай ам дамжин яригддаг байсан түүхээр саяхан “Маш нууц” нэртэй кино хийчихсэн байна билээ. 1000 цэргийн бослого оо гэж. Одоо хэнийхээр нэрлэгдэх юм бол доо, хөөрхий бүү мэд.
Д.Гал
Сэтгэгдэл (22)