ЕРӨНХИЙЛӨГЧ ИЛГЭЭЛТ ИЛГЭЭВ
Шинжлэх ухааны салбарынхныг хамарсан “Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем” чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Чуулганд оролцогчдод зориулж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт илгээв. Тэрбээр "Өнөөдөр та бүхэн энэхүү экосистемийг бүрдүүлэх чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдийг оролцуулан чуулган зохион байгуулж байгаад баяртай байна. Түүнээс гадна тус чуулганд эрдэмтэн-судлаачид, энтерпренерүүд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцуулж байгаа нь Монгол оронд шинжлэх ухаан, технологийн чөлөөт бүс, шинжлэх ухааны парк хөгжүүлэх боломжийг тодорхойлох, бодлого үйл ажиллагаандаа тусгахад түлхэц өгнө гэдэгт миний бие эргэлзэхгүй байна" гэжээ.
Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистемийн талаар салбарынхны санаа бодлоо илэрхийлж, туршлагаа хуваалцах уг чуулган нь олон улсын түвшинд анхлан болж буйгаараа онцлогтой.
Хоёр өдрийн турш үргэлжлэх уг чуулганаар “Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем” болон шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх талаар гадаад, дотоодын бодлого гаргагчид, шинжээч, судлаачдын үгийг сонсох юм. Уулзалтын зорилго нь шинжлэх ухаан, технологийн бүсийн бүтэц, зохион байгуулалт, менежмент болон улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол улсад шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах юм.
Чуулга уулзалтад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын туршлагатай зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, энтерпренёрүүд, бодлого тодорхойлогчид, Үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, их сургуулийн багш нар, аж үйлдвэрийн салбарынхан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран оролцож байна. Тодруулбал, SQW China компанийн гүйцэтгэх захирал Гари Хо, Японы шинжлэх ухаан технологийн агентлагийн ерөнхийлөгчийн зөвлөх Масуо Айзава, Хок фирмийн дэд ерөнхийлөгч Билл Оделл, Солонгосын Сүн Чун Хянг их сургуулийн судалгаа хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч Хак Мин Ким зэрэг тэргүүтэй олон эрдэмтэн, судлаачид оролцож Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистемийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавих юм.
Шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготой манай орны эрдэмтэн, судлаачдын хувьд уг чуулга уулзалт нь мэдлэгээ нэмэгдүүлэх, туршлага солилцох томоохон арга хэмжээ болно гэж БСШУ-аас мэдэгдэж байна.
Чуулган яг одоо үргэлжилж байна.
Т.Хулан