“Амгалан” дулааны станц нэг зуухаа туршилтаар ажиллуулж, Жуковын музейгээс цааших айл өрхийг дулаанаар хангаж эхэлсэн. Гэтэл уржигдар тус станцын үйл ажиллагаа доголдож, 16 дугаар хороолол, Ус- 15, Кино үйлдвэр, Баянзүрх дүүрэг, “Сүнжин гранд” зочид буудал, Офицеруудын ордон орчмын айлууд гурван цаг гаруй халаалтгүй байлаа. Тус хэсэгт "72”, “Хорго”, “Амгалан”, “Монгол” зэрэг хотхоноос гадна “Нарантуул” худалдааны төв орчмын амины орон суцууд бий.
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө тус дулааны станцын зуух хэвийн ажиллаж, түгээх төвүүдэд 120 градустай халуун ус нийлүүлж байжээ. Гэвч уржигдар өглөө 09.40 цагт зуух ажиллахаа больж, хэрэглэгчид “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хандаж эхэлсэн байна. Зуухны үйл ажиллагаа зогссон шалтгааныг тодруулахаар Эрчим хүчний яам, ДЦС-4, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирддагууд уг дулааны станцад ажиллаж, доголдлыг засуулав.
Д.Дуулим