Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээх, мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 24 гишүүн “Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, энэ оны 7 дугаар сарын 2-нд УИХ-д өргөн барьсан билээ.
Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан аж. Тогтоолын хүрээнд Ю.Цэдэнбал агсны гэр музейг байгуулах, түүний улс төрийн хэлмэгдлийг цагаатгах, мэндэлсний нь 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ.
Ингээд асуулт асууж, санал хэлсэний дараа хуралдаанд оролцсон 18 гишүүн 100 хувийн саналаар уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжив.
Сэтгэгдэл (13)