Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем чуулган Төрийн ордноо үргэлжилж байна. Энэхүү чуулганыг БСШУ-ны яам, харьяа агентлагууд, МУИС, ХААИС хамтран зохион байгуулж, дотоодын 1000, гадны 20 төлөөлөгч оролцож, туршлага солилцож байгаа юм. Мөн тус чуулга уулзалтад гадны нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид илтгэлээ тавьж байна.
Тухайлбал, Шинжлэх Ухааны Технологийн Агентлагийн ерөнхийлөгчийн зөвлөх Масуо Айзава илтгэлдээ “19-20 дугаар зуунд шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хувьсгалаар удирдуулсан эрчимтэй өсөлт хөгжлийн замыг бид туулсан юм. Энэ хувьсгалын голлон тоглогчид нь дэлхийн бөмбөрцөгийн баруун хагаст байлаа. Хөгжин дэвжих, тогтвортой ирээдүйд чиглүүлэгч болох шинжлэх ухаан, технологи, инновацийн их шилжилтийн үед та бид одоо гэхэд тал хагасаас давж гэсэн таамаглал байна. Иймд “Бид хэрхэн үүнийг хийх вэ?” гэсэн асуулт гарч ирлээ. Хөгжин дэвжих, тогтвортой байдалд заналхийлж буй аюулыг сөрж, шинжлэх ухаан, технологи, инновацийг нэн даруй хүчирхэгжүүлэх шаардлага Азид тулгарч байна. Судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологийн судалгааны дүнгээр дэлхийд Ази давамгайлж байгаа нь тодорхой юм. Яг одоо энэ их шилжилтийн үед шинжлэх ухаан технологи инновацийн стратегийг тодорхойлж бэхжүүлэх цаг үе юм. Япон улс нь Үндэсний шинжлэх ухаан технологи инновацийн системтэй бөгөөд үйл ажиллагаанд нь Засгийн газрын шинжлэх ухаан, технологи, инновацийн зөвлөл хяналт тавьж ажилладаг. Их шилжилтийн үед дисраптив инноваци нь өсөлттэй инновациас хамаагүй илүү хүчтэй байна. Улс орнуудад тулгамдаж буй сорилтыг даван туулахад JICA нь инновацийн олон улсын түншлэлийн хөтөлбөр дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна” гэсэн юм.
Энэхүү чуулганаас олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг Монгол Улсын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол Улсын шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргана.
Т.Энхэлээ