“ХАЛХ ГОЛ” ЧӨЛӨӨТ БҮС ТӨСӨЛ ЯМАР АШИГТАЙ ВЭ?
“ХАЛХ ГОЛ” ЧӨЛӨӨТ БҮС ТӨСЛИЙН ТАЛААР…
Манай улс Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, эдийн засгийг солонгоруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх , өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх , улмаар Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод туссан зорилтын хүрээнд УИХ, Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоол баталсан билээ.
Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой энэхүү чөлөөт бүсийг байгуулах хэрэгцээ шаардлага, учир шалтгаан болон тухайн бүсэд явуулах үйл ажиллагааны талаарх тайлбар, тодруулгыг албаны хүмүүсээс авсанаа хүргэж байна.
МУ-ын шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУ-ны доктор, профессор Ж.Мижиддорж:
- Та хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Халх голын сав газрыг чөлөөт бүс болгох нь Монгол улсын хөдөө аж ахуйд инновацийн тогтолцоог хөгжүүлэх гарааны эхлэл болно хэмээн ярьж, бичиж байсан. Энэ асуудлыг та тодруулахгүй юу?
- Сүүлийн хагас зуун жилд ШУ, дээд боловсролын салбарт инноваци буюу судалгаа, шинжилгээ, практик амьдралаас бий болсон мэдлэгийг шинжлэх ухааны багтаамж ихтэй бүтээгдэхүүн, баялаг болгох инновацийн үйл явц эрчимтэй явагдаж байна. Инновацийн ерөнхий хандлагыг харахад АНУ, Баруун Еропын хөгжингүй орнуудад Кластерын, Азийн хөгжиж буй орнуудад технологийн парк, чөлөөт бүсийн хэлбэрээр хөгжих чиглэлтэй байна. Инновацийг ШУ-н боловсролын салбарт гарч буй мэдлэгийн хувьсгал хэмээн нэрлэх боллоо. Манай газар тариалангийн салбарт шинжлэх ухааны багтаамж ихтэй бүтээгдэхүүн бараг байхгүй, түүний инновацилах чадвар сул байгааг харгалзан тариалангийн бүтээгдэхүүний 50 гаруй хувийг үйлдвэрлэж, Их сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд нь байгуулагдсан Дархан Сэлэнгийн сав нутгийг ШУТ-ын парк хэлбэрээр баруун, зүүн бүсүүдийн зарим нутгийг ХАА-н чөлөөт бүс хэлбэрээр хөгжүүлэх нь уур амьсгалын онцлогийг оновчтой ашиглаж бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах ирээдүйтэй чиглэлийн нэг болно. Үүний нэг нь яавч Халх голын бүс нутаг болно. Жишээ нь 2015 онд Орхон, Сэлэнгийн сав нутагт ган болж байхад баруун, зүүн бүсүүдэд ХАА-н үйлдвэрлэлд харьцангуй таатай жил боллоо.
Сүүлийн үед Швед, Дани, Финланд зэрэг баруун Европын зарим орнууд инновацийн эдийн засаг төдийгүй “инновацийн нийгэм”, “инновацийн соёл иргэншил” байгуулж байгаа тухай ярьж бичиж байхад түүний анхны энгийн хэлбэр болох ХАА-н чөлөөт бүс байгуулах ажлыг яагаад эхлүүлж болохгүй гэж.
Бидний яриад, маргаад байгаа эдийн засгийн онцгой буюу хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь яах аргагүй инновацийн хөгжлийн нэг чиглэл мөн. Тиймээс Халх голын энэ бүс нутгийг “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс” хэлбэрээр хөгжүүлэх нь ирээдүйгээ харсан шийдвэр бөгөөд энэ чиглэлийн судалгааг ч эрчимжүүлэх хэрэгтэй байна.
-Халх голын чөлөөт бүсэд газар тариалангийн хувьд барьц алдсан их хэмжээний талбайд бус бүс нутгийн хөрс, уур амьсгалийн даац багтаамжинд тохирсон тохиромжтой хэмжээний талбайд одоо нэгэнт боловсрогдоод байгаа экологижсон технологиор тариалан эрхэлж орон нутгийн хэрэгцээг хангахын зэрэгцээ үр тарианы хувьд улсын нөөц бүрдүүлэх, мал аж ахуйн хувьд эрчимжүүлж, бүтээгдэхүүнийг нь экспортлох чиг баримжаатай хөгжүүлэх бодлогыг баримтлах илүү оновчтой байх болов уу.
Байгалийн баялаг, түүхий эдэд дульдуйдсан эдийн засгаас мэдлэгт суурилсан буюу дахин боловсруулж мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шилжиж буй өнөө үед манай Хөдөө аж ахуйн салбарын хувьд өндөр технологи нутагшуулж ашиглахаас гадна өөрийн орны өвөрмөц технологийг боловсруулж ашиглах шаардлагатай юм.
Ийм болохоор “Халх гол” төслийг ХАА-н салбарт инновацийн тогтолцоог хөгжүүлэх “гарааны эхлэл” болохуйц боловсронгуй болгож дэмжих учиртай. Ер нь чөлөөт бүс байгуулах асуудал судалгаа, үнэлгээний дүнд тасралтгүй явагдах олон жилийн бүр тодруулбал хамгийн багаар бодоход 10-15 жилийн үйл явц болно. Харин бид өнөөдөр түүний гарааны нөхцөл боломж, суурь үндсийг зөв тавьж аль болох хурдан эхлүүлэх шаардлагатай.
- ХХАА-н чөлөөт бүсийн асуудлыг Монголын Дорнодын тал буюу Халх голоос эхлүүлэх шалтгаан гэвэл та юу хэлэх бэ?
-Энэ асуудлыг ШУТ-ын боломж нийгэм эдийн засгийн болон хөрс уур амьсгалын зэрэг хүчин зүйлтэй холбож олон талаас авч үзэх учиртай.
Нэгд, Энэ нутгийг чөлөөт бүс болгон хөгжүүлэх суурь үндэс 1960- аад оноос эхлэн тавигдсан юм. Энэ үед 40,000 орчим га атар эзэмшиж газар тариалан, махны чиглэлийн 50,000 үхэр бүхий мал аж ахуй хосолсон хөдөө аж ахуйн томоохон цогцолбор байгуулах зорилт тавьж энэ асуудлыг судлан шинжлэх ухаанжуулах зорилгоор Халх голын эрдэм шинжилгээний туршлага станцыг 1960 онд байгуулж байсан билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэх Халх голын САА-н төвийг тэр үеийн ЗХУ-ын буцалтгүй тусламжаар байгуулж түүний бүтцэд 5000 үхэр бордох цогцолбор байгууламж орж байжээ. Үхрийн дулаан хэвтэр бэлтгэх зорилгоор 20,000 барга үүлдрийн хонь үржүүлж эхэлсэн бөгөөд анхны зорилт 1974 он гэхэд үндсэндээ хэрэгжиж энэ бүс нутаг “Газар тариалан, мал аж ахуй, жимс жимсгэнэ хосолсон цогцолбор” болж хөгжих суурь үндэс тавигдсан болно. Зах зээлийн системд шилжих явцад дээрх эдийн засгийн баазийн тодорхой хэсэг үрэгдэж алга болсон ч суурь үндэс нь хадгалагдаж үлдсэн юм.
Хоёрт, Энэ бүс нутаг үржил шим сайтай хөрс, бэлчээртэй, ХАА-д тохиромжтой уур амьсгалтай, инновацлах чадвар султай ч ажиллаж амьдрах хүсэл тэмүүлэл, дадлага туршлагатай хүмүүсийн нөөц хэвээр байгаа учраас, хөдөө аж ахуй үр ашигтай, тогтвортой хөгжих нөхцөлийг нь чөлөөт бүс хэлбэрээр бүрдүүлээд өгчих шаардлагатай байгаа юм.
Гуравт, Энэ бүс нутгийн ХАА-н бодлогыг боловсруулах Эрдэм шинжилгээний байгууллага нь ажиллаж байна.
Дөрөвт, Гадаад зах зээлд ойрхон тул импорт болон экспортыг богино хугацаанд бага зардлаар хийх боломжтой зэрэг олон зүйлийг дурьдаж болох юм
Сэтгэгдэл (3)