УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар энэ долоо хоногт баталсан хуулийн эцсийн найруулгын талаар гишүүдийн саналыг сонслоо. Санал хэлэх гишүүн байгаагүй учир хуралдааныг үргэлжлүүлэв. Чуулганаар УИХ-ын С.Оюун нарын өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авч байна.
Д.Дэмбэрэл: Татвар хөнгөлөөд байх юм бол Монгол татвараа алдаад байна. Шинэ техник, технологийг оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-аас хөнгөлдөг. Бараа үйлчилгээг татвараас чөлөөлдөг байж болохгүй л юм. Цахилгаан станцад шаардагдах техник, технологийг бол хөнгөлж болно. Гэхдээ 100 хувь хөнгөлөхөөр манай улсад алдагдалтай. 50 хувиар хөнгөлж болдоггүй юм уу. Алтны роялти татварыг хүртэл бууруулсан. Ингэж сул гартай хандаж болохгүй. Засгийн газар тооцоогоо сайн хиймээр байна. Техник, технологийг 50 хувь хөнгөлөөд улсын орлого ч бүрдэхгүй. Эдийн засаг хүнд байдалд байж байгааг харгалзаж тооцоотой хандмаар байна.
С.Оюун: Бүх зүйлийг чөлөөлөх нь буруу. Бараа үйлчилгээг чөлөөлөхгүй. Гаалийн тариф, НӨАТ-ыг чөлөөлж байгаа. Сэргээгдэх эрчим хүчинд шаардагдах тоног, төхөөрөмжид хөнгөлөлт үзүүлэхээр байгаа. Урьд чөлөөлж байгаад 2014 оны нэгдүгээр сараас хүчингүй болгосон заалтыг сэргээсэн.
Т.Хулан