УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэн баталсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:- Малын тоо толгой нэмэгдсэн, хязгаарлагдмал харилцаатай, иймд махны үнэ буурсан нь малчдын хувьд томоохон бэрхшээл болоод байгаа. Энэ байдлаас гарах хоёр арга зам бий. Эхний арга замыг Засгийн газар хийсэн. Гэтэл өнөөдөр ГБАББХ-ны дарга Ж.Энхбаяр Монголын махыг муу, австралийнх сайн, тийм учраас манай ресторанууд австралийн мах л хэрэглэдэг гэж ярилаа. Энэ сигнал чинь хамтран ажиллахаар гэрээ байгуулж буй хятад түншүүдийн чихэнд хүрэх юм бол “өөрсдөө махаа голоо австралийн мах хэрэглэдэг юм байна” гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын амнаас ийм хариуцлагагүй үг гарч болохгүй. Хэрэв үнэхээр гаднаас тийм их хэмжээгээр мах оруулаад байгаа юм бол импортын татвар авах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, монгол махаараа сайн хоол хийх технологи нэвтрүүлж буй рестораныг урамшуулах арга хэрэглэх хэрэгтэй. МАН-ынхан “Бидний хийж байсан ажлуудыг унтраачихлаа” гэдэг. Тодорхой эх үүсвэрээс зардал гаргаж байж энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэг хэсэг нь малчдаа хайрладаг, нөгөө хэсэг нь хайрладаггүй, нэг хэсэг нь тариаланчдаа хайрладаг, нөгөө хэсэг нь хайрладагагүй юм шиг ярихаа болих хэрэгтэй. Тариаланчид энэ жилийн алдагдлаа нөхөх, ирэх жилдээ найдахын тулд тодорхой хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй байгаа. Хөгжлийн банк бол томоохон төслүүдийг санхүүжүүлэх ёстой. Томоохон төсөл гэдэг бол мөнгөний хэмжээгээрээ ч, асуудлын цар хүрээгээрээ ч том төслийг хэлнэ. Тэгвэл газар тариалан ч тэр, мал аж ахуй ч тэр өнөөдөр том асуудал мөн үү гэвэл мөн. Тэгэхээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх ёстой.
Т.Энхэлээ