Гуанжоу хотод Олон улсын туялзуур сэлэмний холбооны Ерөнхий конгрессийн хурал болж, 120 улсын 260 гаруй төлөөлөгч оролцож, Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гантулга, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар эх орноо төлөөлжээ. Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт зохион байгуулсан Туялзуур сэлэмний Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхий ассамблейн зохион байгуулалтад энэ үеэр онц үнэлгээ өгсөн байна. Мөн Токиод болох олимпийн эрх олгох, хүнд сэлэмний эрэгтэйчүүдийн төрлийн дэлхийн цомын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах саналыг Туялзуур сэлэмний олон улсын холбооноос тавьжээ. Дашрамд дуулгахад, саяхан Хонконгийн туялзуур сэлэмний сургуультай манай улсын холбоо 2017 он дуустал хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд тус сургуулийнхан Монголын туялзуур сэлэмний холбооны харьяа клубуудэд маркетинг, менежмент, зохион байгуулалтын зөвлөгөө өгч, хоёр удаа хамтарсан бэлтгэл хийх аж.