Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин, МУСТА Н.Төмөрбат нь энэ сарын 26-ны өдөр зуурдаар таалал төгсчээ.
Талийгаач нь “Долоон бурхан харвадаггүй”, “Хүдэн”, “Тайга”, “Төмөр нар” зэрэг олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн авъяаслаг уран бүтээлч байсан юм.
Тэрбээр БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаасан Жамбын Батмөнхийн тухай баримтат уран сайхны кинонд гол дүр бүтээж байсан юм. Харамсалтай нь киноны зураг авалтыг дуусгаж чадалгүй зуурдаар таалал төгслөө.
Талийгаач нь 1965 онд Баян-Өлгий аймгийн Бугат суманд Насангын отгон хүү болон мэндэлсэн. 1973 – 1983 онд ЕБС, 1983-1987 онд УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 1987-1994 он хүртэл Ховд аймгийн ХЖТеатрт жүжигчин, 1994-1999 онд Баян-Өлгий аймгийн Монгол театрт жүжигчин, 2000 оноос Дархан-Уул аймгийн Залуучууд театрт жүжигчнээр тус тус ажиллаж байлаа. Тэрээр Монголын урлагт 28 жил зүтгэхдээ 60 гаруй жүжгийн гол ба туслах дүр бүтээн 10 гаруй жүжиг найруулан тавьж үзэгчдээс өндөр үнэлэлт хүртэж байжээ. Түүний нөр их хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг 2008, “Алтан гадас” 2013 тус тус шагнажээ. Талийгаачийн гэр бүл, найз, нөхөд, хамтран зүтгэгчидэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (2)