Шог зургийг С.Цогтбаяр
"Өөрт нь ямар нэгэн гэрэл гэгээтэй зүйл огтхон ч байхгүйгээ мэдсэн хулгайч л сүмээ ухдаг” гэсэн нэг үг бий. Энэ үг юуны өмнө Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулах тухай яриа дээр дооргүй ид оволзож буй энэ цаг үетэй нэн тохирч байгааг хэлэх хэрэгтэй.
Бид Үндсэн хууль хэмээх “сүмээ” нэг удаа айхтар ухсан туршлагатай. Үүний дараа түүний доторхи “долоон шүтээн” өөрчлөгдсөн юмдаг. Түүнийгээ хожим тун дордуулсан гэлцэх нь ч бий. Тиймээс “сүмээ” ухахын өмнө маш сайн бодож, боловсруулж, хэлэлцэхгүй бол тун муу үр дүн авчирдагийн хамгийн сонгодог жишээ энэ. Ингэхэд тэр удаад Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан “гэгээн сүмээ” ухаж байсан түүхтэй.
Товчхондоо ийм. Ардчилсан нам нь зөвхөн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх талаар танаас, надаас, чамаас асуух гэж байгаа бол Монгол ардын нам нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, эсэхээс гадна өөрчлөх заалтуудыг хамтад нь танаас, надаас, чамаас асуух хэрэгтэй гээд суучихжээ. Ялгаа нь гэвэл ердөө л энэ.
Энэ удаа улстөрийн намууд “сүмээ” ухах эсэхээ ард олноосоо асууя гэж байгаагаараа онцлогтой. Үүн дээр гол хоёр нам болох Монгол ардын нам, Ардчилсан нам хоёр ч санал нэг байгаа бололтой. Хоёулаа л энэ “сүм” дотор байгаа зүйлсээс зарим “шүтээнийг” нь өөрчлөхгүй бол “мөргөлчин” олонд харш байна гэдгийг яриад байгаа.
“Мөргөлчид” ч хэлдэг. Ийм, тийм юмаа өөрчлөөч ээ, тэгэхгүй бол цаг хугацааны хурдыг гүйцэхээ байлаа гээд л. Тиймээс хоёр голлох нам Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулах тухайд хоёулаа толгой дохин зөвшөөрч буй. Гэхдээ тэр хоёрт тохиролцож чадаагүй, тохиролцох эсэх нь эргэлзээтэй, тохиролцохгүй бол “мөргөлчиддөө” халтай зарчмын зөрүүтэй санал бий.
Ингэхэд хэрвээ энэ хоёр намыг хоёуланг нь хулгайч мууртай зүйрлэвэл МАН нь хавханд ороод хаширсан, АН нь аливааг аргалж зальддагаараа алдартай гэх байна. Тиймээс АН нь энэ удаа зөвхөн Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулья гэдэг. Тэгвэл МАН нь үгүй ээ, Үндсэн хуулийн ийм, тийм заалтыг өөрчилнө гэдгийг давхар оруулж өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.
Товчхон хэлэхэд энд АН нөгөө л үнэгэн заль, хулгайч авир хоёроо огт нуусангүй. Тэд зөвхөн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулчихаад, өөрчлөх заалтуудаа тас дарж, таг нуух гэж байна. Тэгээд асуудал босоод ирэхэд, “Та нар өөрчил гээ биз дээ” гээд л нөгөө хулигаан зангаа гаргаад гүйцээ. Ингэхэд сурсан юмыг сураар боож болдоггүй ээ гэж үнэн шүү.
Тэд ард нийт өөрчил гэсэн үгийн дор өөрчлөх заалтуудыг УИХ-д хүссэнээрээ оруулж ирээд олонхиороо давамгайлан батална гэж тооцож буй бололтой. Ямар, ямар заалтыг яаж өөрчлөх асуудлыг одоохондоо АН-ын үндсэн “хорчдоос” өөр хэн ч мэдэхгүй байна. Ямартай ч өмнө нь ард олныг хэрхэн яаж төөрөгдүүлж, будилуулахаа зартай будлианч “Фортунагаар” яриулж эхэлжээ. Тэгвэл МАН тэс өөр байр суурьтай байна. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэхээ, өөрчлөх заалтуудтай нь хамт ард нийтээрээ хэлэлцүүлье гэжээ.
Товчхондоо ийм. Ардчилсан нам нь зөвхөн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх талаар танаас, надаас, чамаас асуух гэж байгаа бол Монгол ардын нам нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, эсэхээс гадна өөрчлөх заалтуудыг хамтад нь танаас, надаас, чамаас асуух хэрэгтэй гээд суучихжээ. Ялгаа нь гэвэл ердөө л энэ.
Ингэхэд хэн нэгэн надаас ирээд ингэвэл ямар вэ, тэгвэл яах бол гэж асуух ямар гоё гээч. Би тун их ухаантай учир энэ нөхөр аргаа бараад над дээр ирж байна гэж бодохоос шууд л хаданд гарчихмаар санагддаг. Ялангуяа төр надаас зөвлөгөө авч байхад татгалзаж тэнэгтэнэ гэж хэзээ ч байхгүй шүү дээ, миний бие. Тиймээс бид аливаа саналыг уухайн тас зөвшөөрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Харин эргээд харахад л “сүмээсээ” өч төчнөөн “шүтээнийг” нь гаргаад хаячихсан байхыг огтхон ч тооцоогүй байж мэдэх гэнэн тэнэгүүд мөнөөсөө мөн. Тиймээс юуны өмнө Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаас гадна чухам ямар ямар заалтуудад өөрчлөлт оруулах гээд байгааг маш сайн мэдэж байх нь хэн хэндээ хэрэгтэй гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Ялангуяа “мөргөлчдөд”. “Сүмээ ухах” гээд байгаа МАН болоод АН-ын тухайд ийм байх шив дээ.
Д.ГАЛ
Сэтгэгдэл (5)