Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Пүрэв овогтой Батбаяр нь Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт оршин суух нэг гэр бүлийн хоёр хүний амь насанд хүрч, нөгөө хоёр хүнийг нь хүнд гэмтээсэн хэргийг үйлдсэн. Талийгаач эмэгтэй цагдаагийн хошууч цолтой байсан бөгөөд аавын хамтаар хэргийн газар дээр амьсгал хураасан юм. Хошууч Ц нь өмнө нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард шилжин томилогдсон байв. Түүний хоолой болон цээжин тус газарт нь хутгалсаны улмаас нас баржээ. Тэрбээр 1979 онд төрсөн ганц бие, аав, ээжийн хамт амьдардаг байжээ. Мөн түүний аав С цээжиндээ хэд, хэдэн удаа хутгалуулж нас барсан байна. Харин шархадсан хүмүүсийг яаралтай мэс засалд оруулсан ч ээж нь шархаа даалгүй өнгөрсөн бямба гаригт нас барсан байна. Ах Б нь одоо тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Тэрбээр уг нь Орхон аймгаас биеэ эмчлүүлэхээр Улаанбаатарт ирээд байсан байна. Болсон хэргийн талаар тэрбээр Орхон аймагт байсан охин руугаа утсаар ярьж дуулган сэжигтний талаарх мэдээллийг өгчээ.
Сэжигтэн П.Батбаярыг улс орон даяар эрэн сурвалжилсаны эцэст өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан юм. Тодруулбал, тус дүүргийн IV хорооны нутаг дахь Арцат гэх газрын ойролцоо айлын эзэнгүй байшинд бүгэж байхад нь баривчилсан байна. Тэрбээр баригдах үедээ цагдаа, тусгайгийнханд эсэргүүцэл үзүүлж, зугтахыг оролдсон аж.
П.Батбаяр нь талийгаач Ц-ийн дүү Ш-тэй үерхдэг байж. Харин Ш-ийн гэр бүлийнхэн охиноо П.Батбаяртай суулгахгүй гэдгээ илэрхийлж байжээ. Үүнд нь өсөрхөж шөнийн 02.20 цагт гэрт нь очжээ. Гэтэл найз бүсгүй Ш нь байхгүй байсан байна. Улмаар гэр бүлийнхэнтэй нь маргалдсаны улмаас П.Батбаяр гал тогооны өрөөнаас хутга, заазуур барьж дайрсан байна.
П. БАТБАЯР ГЭЖ ХЭН БЭ?
П.Батбаяр нь 1985 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. Багаасаа төмөр замын төв буудалд ачаа зөөдөж байж. Харин сүүлийн хэдэн жил Замын-Үүдээс ачаа тээвэрлэдэг болсон байна. Тэрбээр өмнө нь хэд, хэдэн удаа согтуугаар танхайрч захиргааны арга хэмжээ авахуулж байжээ. Мөн 2004 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр нэг жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ. Тэр бүү хэл энэ оны тавдугаар сард найз бүсгүй Ш-ийг зодож хөнгөн гэмтэл учруулжээ. Ингээд ч зогсохгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, архи ууж агсам тавин танхайрч байгаад арга хэмжээ авахуулжээ.
Түүнийг одоо Цагдан хорих 461-р ангид саатуулж байна.Т.Сар
Сэтгэгдэл (26)