Өнөөдөр өдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 30-нд баруун болон төвийн нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгаар зүүн хэсгээр цас орно. Салхи 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар, 2-3-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. 1-ээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна гэв.