ЦЕГ-ын харьяа Түр хамгаалах байраар 580 иргэн үйлчлүүлжээ. Тодруулбал өнгөрсөн оны хоёрдугаар сард ашиглалтад орсон тус байраар энэ оны эхний арван сарын байдлаар 580 иргэн үйлчлүүлсэн байна.
Цагдаагийн байгууллага, 107 дугаарын утсан дахь мэдээллийн дагуу хүчирхийлэлд өртсөн, орох оронгүй болсон иргэдийг хамгаалалтдаа авдаг тус байгууллага нэг хүнийг 30 хоногийн хугацаанд байрлуулж, хооллож, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж. Харин очих газаргүй, асуудал нь шийдэгдээгүй иргэдийг заасан хугацаанаас ч давуулан байршуулдаг байна.
Сүүлийн үед иргэд Түр хамгаалах байрын талаарх мэдээлэлтэй болж байгаа учраас хандаж буй иргэдийн тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн гэдгийг ч албаны эх сурвалж мэдээллээ.