Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авав.
Ийн Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах асуудал удаан хугацаанд маргаан дагуулсан ч өнөөдөр дуудлага худалдаанд 24 тэрбум төгрөгөөр зарагдлаа.
Өнгөрсөн жилүүдэд уг үйлдвэрийн асуудал нилээд хурцаар тавигдаж байсан төдийгүй улсын хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярт ял хүртэл оноож байсан билээ.
Тэгвэл 24 тэрбумаар балгас болсон шахуу барилгыг худалдаж авсан Абдул Карим гэх иргэн олны анхаарлыг ихэд татлаа.
Абдул Карим гэж хэн бэ?
Түүний хувьд Араб гаралтай, монгол эхнэртэй нэгэн гэнэ. Өдгөө 60 орчим настай тэрбээр Монголд ирээд 30 гаруй жил болж байгаа төдийгүй ирэхдээ маш их хэмжээний хөрөнгөтэй ирсэн гэх мэдээлэл байна.
Харин манай улсын хуулинд гадны иргэн Монголд ирээд дор хаяж 2 үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэж заасан байдаг ч Абдул Каримын хувьд 2012 онд монгол иргэншилтэй болжээ.
Тэрбээр хэвлэх үйлдвэрийг ямар зориулалттай ашиглах хийгээд ажил төрлийнхөө талаар ч мэдээлэл өгөөгүй юм.
Харин бидэнд ирсэн мэдээллээр “Хумбаа” гэх компани Абдул Каримыг Кувейт Улсын иргэн Мултак Али Жиан, Монгол Улсын иргэн Ц.Зоригт нарын хамт иргэний хэргийн шүүхэд өнгөрсөн онд дуудаж байсан ч эл хэрэг хэрэгсэхгүй болж байжээ.
Түүнчлэн Абдул Карим нь Мон-Ураны Б.Наранхүүгийн найз бөгөөд уг газарт 68 давхар "MONGOL TOWER" барина гэдгийг ч эх сурвалжууд мэдээлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (83)