"Сутайн буянт" ХХК-ийн автобус дахин ноцтой осол гаргажээ. Тодруулбал тус компанийн нийтийн тээврийн автобусны жолооч осол гаргаж, зорчигчид болон автобусны буудал дээр байсан хүмүүсийг гэмтээсэн. Уг хэрэг өнгөрөгч бямба гаригт гарчээ.
Автобус чиглэлийнхээ дагуу зорчиж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын ард байрлах автобусны буудал болон 18 тоодод оршин суух Ж-ийн хашааг мөргөсөн байна.
Ослын улмаас автобусны буудал дээр байсан есөн иргэн, автобусанд зорчиж явсан зургаан хүн гэмтжээ. Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, Яаралтай түргэн тусламжийн эмч нартай хамтран анхны тусламж үзүүлээд гэмтсэн иргэдийг ГССҮТ-д хүргэсэн байна.
Харин ослын улмаас гэмтсэн нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй хүн нас барсан болохыг эх сурвалж мэдээллээ. Осол гарах үед“Сутайн буянт” ХХК-ийн Daewoo BS-106 маркийн автобусыг тус компанийн жолооч Б жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байжээ. Уг хэргийг Замын цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (6)