Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн барилгын хувьчлалыг “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг иргэдтэй хамтран авах санал гаргасан. Гэвч Арабын иргэн Абдул Карим уг барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авснаар иргэд "эзэн" суух боломжоо алдсан юм. Тиймээс “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг иргэдийн мөнгийг эргүүлэн өгөх болсноо ийнхүү дуулгажээ.
Сайн байна уу, сайн санаат ахан дүүсээ. Би та бүхэнд нэгэн таагүй мэдээ хүргэж, та бүхний энэ өдрийн урмыг хугалж байгаадаа туйлын харамсаж байгааг юуны түрүүнд хэлье.
Энэ удаагийн газар хувьчлалын тендерт бид оролцох боломжгүй боллоо. Иймд тохирсон ёсоор та бүхний халуун сэтгэл, хязгааргүй их итгэл шингэсэн мөнгийг эргүүлэн шилжүүлж өгөх ажлыг эхлүүлж байгааг дуулгая. Та бүхний итгэл, зүтгэлийг харж би хагартлаа баярласан гэдгийг нуух юун. Баярлалаа, сайхан сэтгэлтэй Монгол ахан дүүсдээ. Би цаашдаа ч та бүхний итгэлийг дааж ажиллаж, амьдрахыг хичээж ажиллах болноо.
Энэ удаагийн үйл явдал маш богино хугацаанд өрнөж өнгөрлөө. 4 дэх өдрийн үд дундаас эхэлсэн ажил гэхэд бид энэ улсын өмч хувьчлалын түүхэнд гарч байгаагүй далайцтай хэлэлцүүлэг өрнүүлж, интернет орчны харилцааны хэрэгсэл болох Фэйсбүүкийн хэрэглэгчдийн анхаарлыг хандаж байгаагүй зүгт чиглүүлэн нэг шугаманд жагсаж чадлаа. Би та бүгдээрээ үнэн сэтгэлээсээ бахарлаа. Бид бүгдээрээ бахархсан байх гэж бодож байна. Бидний энэ хоёр гурван өдрийн ажлын үр дүнгээр Марк Зукербэрг, Уоррэн Баффет ч бахархахаар байсан шүү, залуусаа.
Яахав, бид энэ удаад амжсангүй. Бидний урам хугарсан, сэтгэл гонсгор байж магад. Гэхдээ бид гунихгүй ээ. Эсрэгээрээ, энэ үйл явдал бидэнд том боломжийг харууллаа гэж бодож байна. Бид хамтраад уухайлан дугтарвал ямар ч боломжгүй, ганц хүний үл барах ажлыг гүйцэлдүүлж болдог гэдгийг баталлаа. Энэ бол ирж буй шинэ цагийн эхний дохио. Бидний өмнө хийх маш их ажил байна. Монгол хүн улс орныхоо баялгийн эзэн байх ёстой гэж тунхаглах биш тэрний төлөө хамтдаа зүтгэх цаг нэгэнт иржээ. Ярьдаг биш хийдэг цаг айсуй. Нэгэнт цаг нь болсон бол хамтдаа зогсолтгүй зүтгүүлээд байя гэж би та бүгддээ уриалья.
Нэгт, бид хувьчлалыг илүү нээлттэй, олны оролцоотой зөв явуулж болох юм гэдгийг олон түмэн, бидний өмнөөс төрийн өмчийг захиран зарцуулж байгаа түшээдэд ч ойлгуулж чадлаа. Аль аль талдаа жоохон сэтгэл л гаргах ёстой байдаг юм байна.
Хоёрт, Фэйсбүүк болон бусад сошиал медиа бидний амьдралд зөвхөн цаг нөхцөөх, мэдээлэл хуваалцах, улстөржих хэрэгсэл байхаас гадна биднийг нэг цулгай улс үндэстэн гэдгийг ухааруулж чаддаг, бид өөрсдөө хувь заяаныхаа эзэн нь гэдгийг ойлгууллаа. Мөн Фэйсбүүкийн түүхэнд анх удаа бид хувьчлалыг хамтдаа явуулах гэж оролдлоо. Дараачийн удаа Фэйсбүүкээр олныг хамруулсан ямарч бизнесийг хамтдаа хийх бүрэн боломжтойг нотолж чадлаа.
Гуравт, нэг сая төгрөгтэй залууд олон тэрбумын хувьчлалд ороод ялах боломж байгааг бид нотоллоо. Хувьчлал, улсын тендерийн демократизацийг бид хийж чадсан. Бидэнд асар их боломж байгааг бид бүгд харж авлаа.
Дөрөвт, бид хамтдаа хүчтэй улс гэдгийг бүгд тод мэдэрлээ. Боломжийг нь олговол, жоохон залж, чиглүүлбэл, Монгол залуус Эх Орноо, энэ нийгмээ хөгжлийн хүссэн шатанд аваачиж чадна гэдгийг бүгд нэг мөр ойлгож авсан болов уу.
Тавд, бидэнд үнэгүй хувьцаа, хишиг буян тараах гэж хичээх хэрэггүй, бидэнд боломжийг нь олговол өөрсдөө мөнгө, хөрөнгөө гаргаж байгаад хамтдаа энэ Эх Орны баялгийг эргэлтэнд оруулах бүрэн чадалтай гэдгийг төрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа нөхдөд харууллаа.
Фэйсбүүкээр бид найзалж чадсан, маргалдаж чаддаг. Одоо хамтран бизнес эрхэлж, хувьчлалд оролцож, өөрийн гэсэн банктай, бизнестэй, үл хөдлөх хөрөнгөтэй, хувьцаатай, тэтгэврийн сантай болцгооё. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, телевизээ, компаниа, газраа, уурхайгаа, даатгалаа, бүр гадны мундаг компаниудыг хамтдаа авъя. Монголын баялаг гэж дэлхий даяар шуугиулж байгаа хэдэн Толгоддоо дотоодоос хөрөнгө оруулалт хийцгээе. Ганц нэгээрээ биш. Бүгдээрээ. Бид чадна. Боломжийг нь л нээж өг. Цөөхөн хэдэн баялаг бүтээгчтэй биш, 3 сая бүтээлч хөрөнгө оруулагчтай улс болсноо Дэлхийд анхлан тунхаглая!
Тиймээ, бидэнд тулах цэгийг нь өгвөл бид дэлхийг дахин нэг эргүүлэх чадалтай улс. Тэрхүү цэгийг бид хэн нэгнээс горьдож, гуйж авахгүй. Бид түүнийг өөрсдөө босгож чадна гэдгийг бид олж ухамсарлалаа. Ямартай ч би бүрэн мэдэрлээ. Миний дотор уужуу байна. Бидний хамтдаа туулах зам тодоос тодоор урд маань зурайж байна. Бид тавьсан зорилгодоо заавал хүрнэ. Хамтдаа. Яагаад гэвэл бид дор бүрнээ хүчтэй улс. Нэгэн аугаа зорилго дор нэгдсэн нөхцөлд бидэнд явахгүй чиг, хүрэхгүй газар гэж байхгүй. Зориг гаргаад зогсолтгүй зүтгэвэл бид ялна.
Иймд, урагшаа, Монголчуудаа. Уухай!
Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай!
Хутагт овогт Чулууны Ганхуяг
Монголчууд бид Хийморьтой, Хамтдаа байхдаа Хүчтэй Улс!
Сэтгэгдэл (5)