УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонссон байна. Мөн Хөгжлийн банкинд хийсэн шалгалттай холбоотой асуудлаар тус банкны мэдээллийг сонсчээ.
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа ярихдаа “Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн санал дүгнэлт эцэслэгдэж гараагүй. Мөн тус ажлын хэсгийн 10 гишүүн гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байгаа. Ийм байхад тус ажлын хэсгийн зарим гишүүд асуудлыг улс төржүүлж үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд цацсан. Үүн дээр АН-ын бүлгийн гишүүд дургүйцлээ илэрхийлсэн. Эцсийн дүгнэлт гараагүй байхад хэвлэлээр нэг, нэгнээ гүтгэсэн байна. 5.4 сая доллар цох дутсан гэж ярьж байна. Үүнтэй холбоотой бүх тооцоог Хөгжлийн банк, Аудит, Сангийн яамныхан өнөөдөр өгсөн. 5.4 сая доллар бонд босгохтой холбоотойгоор гардаг зардал. Чингис бондын хувьд харьцангуй бага зардал гарсан. Маргаашийн байнгын хорооны хурал дээр уг асуудлыг ярихад ажлын хэсгийн гишүүд санал дүгнэлтээ эцэслээд гаргах ёстой. Ер нь Хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа" гэв.
Харин тус бүлгийн дарга Б Гарамгайбаатар "Сангийн яамны сайд асан Ж.Эрдэнбатын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкинд шалгалт оруулсан. Гэхдээ шалгалт оруулсан материалаа албажуулаагүй. Сайдын зөвлөлийн хурлаар оруулаагүй. Албан ёсоор дүгнэлт гаргаагүй. Үүнийг МАН-ынхан хувийн журмаар өөрсдөө олж аваад албан ёсоор дүгнэлт гаргасан юм хүмүүсийн толгойг эргүүлсэн юм ярьж явна. Сангийн яам энэ талаар албан ёсны дүгнэлт гаргах байх. Аудитын газраас хоёр дүгнэлт гаргасан гэж МАН-ын Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Д.Чойжилсүрэн нар хэлсэн. Гэтэл сая манай бүлгийн хурал дээр суусан Аудитын газрын дарга А.Зангад хэлэхдээ "Аудитын газраас хоёр биш нэг л дүгнэлт гаргада" гэж хэлсэн” гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)