УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл өгсөн. Тус бүлэг Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар болон Ерөнхий сайдын энэ долоо хоногт хийх мэдээлэл, Хөгжлийн банкны санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргажээ.
Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-МАН-аас хэчнээн гишүүн энэ асуудалд холбогдоод байна вэ. Гаргаад тавьчих баримт юу байна вэ?
С.Бямбацогт: МАН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөг аваагүй. Мэдээлээд байгаа нь тусдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, компаниуд. Төрд хийсэн ажлынхаа санхүүжилтийг хууль зөрчихгүйгээр авсан. МАН-ын бүлэг Чингис бондыг зөв зүйлд зориулалтынх нь дагуу зарцуул, зарим зүйлүүд чинь буруу болж байгаа юм биш биз гэсэн шаардлага тавьж ирсэн, цаашдаа ч тавина. Бондыг монголын ард түмэн төлнө. Хэрвээ МАН-ын гишүүдийн хувьцааг нь эзэмшдэг компаниуд бондын санхүүжилтийг үр ашиг муутай зарцуулж байгаа бол хариуцлагыг нь өөрсдөө л үүрнэ. Энд битгий хариуцлага хүлээлгэ гэдэг асуудал байхгүй. УИХ-ын гишүүн бол хууль тогтоох ажлаа л хийдэг. УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр дээд албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан компаниуд бол тусдаа Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх зөвлөлтэй. Үүнийг хооронд нь хольж хутгаад байх шаардлагагүй. Хоёрдугаарт, хэний ч компани зээл аваад баялаг бүтээгээд, олон ажлын байр бий болгоод төсөвт татвараа төвлөрүүлээд явж байгаа бол гавьяа гэж ойлгох ёстой. Зээл авсан компанийг яагаад буруутгаад байгаа юм. Ойлгохгүй байгаа. Тэр чинь буцаагаад өөрийнхөө хөрөнгөөр барьцаа тавьсан байгаа, зээлээ төлж чадахгүй бол хөрөнгөө алдана. Улс орны бүтээн байгуулалтад оролцож, зам барьж эрчим хүч босгосныхоо төлөө Хөгжлийн банкнаас санхүүжилт авч гэж буруутгах шаардлагагүй. Хуулийн дагуу зээл авч хуулийн дагуу ажлаа хийсэн компанийг харлуулах нь буруу гэлээ.
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй болсон шалтгаанаа тодруулахгүй юу?
-Үндсэн хуулийн цэцийн Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гээд гаргасан дүгнэлтийг УИХ хүлээгээд авчихсан. Хүлээж авсан үндэслэл нь Давж заалдах шатны шүүхийг бүсчилж байгуулж байгаа нь буруу байна, ард иргэдэд төвөг хүндрэл учруулж байна, Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй байна гэдэг дүгнэлт гаргасан. Тэр шийдвэрийг МАН-ын бүлэг ч хүлээгээд авчихсан. Харин Ерөнхийлөгч энэ асуудалд хориг тавилаа. Нэгэнтээ бүлэг шийдвэрээ гаргачихсан учраас байнгын хороо, чуулганаар асуудал хэлэлцэгдэхэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй.
-Бондын зарцуулалтыг та бүхэн хуулийн дагуу зарцуулагдаагүй гэж үзээд байгаа юм уу?
-Чингис бонд, Самурай бондыг эргэж төлөх учраас үр ашигтай зүйлд зарцуулах ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид тодорхой бичсэн. Импортыг орлох, экспортыг дэмжих, өндөр үр ашигтай төсөлд бондын зээлийг олоод төлөөд явах шаардлага тавьсан. Эхнээсээ энэ шаардлага биелээгүй. Үр өгөөж нь хэдэн арван жилээр орж ирэхгүй байх төсөлд зарцуулсан нь буруу. Авто зам, төмөр зам, эрчим хүчний төслийг санхүүжүүлэхээр заасан байсан ч энэ шаардлага хангагдахаа больсон, бүхий л төслийг санхүүжүүлдэг болсон.
-Тэтгэврийн зээлийн хүүг 2-3 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж сайд С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Та бүхэн хэдэн хувиар бууруулах боломжтой гэж тооцсон бэ?
Н.Номтойбаяр: Төрийн банктай ажил хэргийн уулзалт хийж, Х.Батсайхан захирлаас албан бичиг хүлээж авсан. Өнөөдөр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны 8 банкинд дунджаар 10.7 хувийн хүүтэй байршуулж байгаа. Төрийн банкинд ямар асуулга тавьсан бэ гэхээр хадгалуулж байгаа чөлөөт үлдэгдлийн 10.7 хувийн хүүг хэвээр хадгалъя, дээрээс нь нэмээд НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг нэмж байршуулъя. Банкны тухай хуулийн 9.1-ийг удирдлага болгоод харилцах хүүгээ тохиролцох замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зарчмыг дэмжих үү гэхэд “Дэмжинэ” гэсэн. Үйл ажиллагааны зардал, эрсдэл, ашиг энэ бүхнээ тооцоод 4.8 хувьд багтаая гэдэг хариуг өгсөн. Одоогоор тэтгэврийн зээлийн хүү 18 хувь, энэ нь 3 хувиар буурчих боломжтой. Албан бусаар бусад банкуудтай ярилцаж үзэхэд 10 хувиар НДС-ын чөлөөт үлдэгдлийг байршуулахад 2.7 хувийн хүүгээр тэтгэврийн болон цалингийн зээлийг олгоё гэж байгаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)