Нэгэн ухаантан тэртээ олон зууны өмнө, “Бурхан минь бидэнд бусдынхаа сайн сайхан бүхнийг харах нүд хайрла. Муу бүхнийг өршөөх зүрх хайрла. Муухай бүхнийг мартах ухаан хайрла. Хамгийн гол нь хэзээ ч итгэл алдрахааргүй сэтгэл хайрла” хэмээн дуу алдсан байдаг юм. Үүнийг л өнөөгийн улстөрчдөдөө хандан дамжуулмаар санагддаг. Яагаад гэхээр эдүгээ хүн чанар, мөс жудаг, сайхан сэтгэл, тусч ариун явдал, хүндлэх хүндлүүлэх эрэмбэ, ах захаа дээдлэх ёсон гээд хүн төрөлхтөн түүхийнхээ туршид хамгийн үнэт зүйл хэмээн тооцож ирсэн зүйлс бидний оюун санаанаас хаашаа ч юм чимээгүйхэн нүүсээр байгаад хамаг учир оршиж буй тул ийн өгүүлэв. Үнэн шүү. Өдгөө ямар нэг сайн сайхны тухай үнэн сэтгэлээсээ өгүүлэх хэн байна вэ. Өдгөө хэн нэгнээ сайхан магтах хэн байна. Алга. Хамгийн аймшигтай нь дээр өгүүлсэнчлэн итгэл алдрахааргүй сэтгэл гэгч юм жинхэнэ нүдний гэм болох шинжтэй.
Улстөрчиддөө хандсан маань ч бас учиртай. Монголчууд хэзээнээсээ төрдөө итгэж, төрдөө өөрсдийгөө даатгаж, төрийнхөө сүлдэнд залбирч ирсэн ард түмэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Тиймээс эмгэн буурал ээж минь уул уснаасаа гадна төрийнхөө сүлдэнд цай сүүнийхээ дээжийг өргөж ирэв. Таагүйхэн явдал тохиолдлоо гэхэд төрдөө залбирна. Муу юм тохиолдлоо гэхэд төр түмэн нүдтэй, төрсөн бие ганцхан нүдтэй гэж бодно. Энэ нь төр алдах ёсгүй, төрд буруу хар санах явдал байх учиргүй гэсэн үг л дээ. Ерөнхийдөө төр хэмээх энэ нэгэн харах бараа, баригдах биегүй нөхрийг бурхан шүтээнтэйгээ адилхан сүсэглэн дээдэлдэг байв.
Улстөр гэдгийг огт ойлгоогүй хэрнээ улстөрд орж ирсэн нөхдүүдийн өнгөрсөн хугацаанд бий болгосон “баялаг” гэвэл энэ. Үнэндээ балаг л даа. Нам гэдгээр хуваагдахдаа хэн нэгнээ дайсан мэт үзэж, сөрөг хүчин гэхээр заавал сөрж байх ёстой гэсэн ухагдахууныг үе үеийн УИХ-ын ихэнх гишүүн тархиндаа маш гүн суулгасны гай энэ.
Тэгвэл одоо “байв” гэж ярих хэмжээнд хүрсэн байна гээд боддоо. Ингэхэд тэрхүү төр хэмээгчийг төлөөлөгчид нь төрийн түшээд буюу улстөрчид, төрийн алба хаагчид шүү дээ. Тэдний гаргаж байгаа үйлдэл бүхэн төрийн хийж байгаа үйлдэл мэтээр ойлгогддог. Тэгээд дагадаг. Нэг л мэдэхэд тэдний гаргаж байгаа аяг ааш, авир араншин бүхэн бидний ажил амьдралын хэмнэл болчихсон, түүнийгээ байх ёстой юм шиг, жирийн зүйл мэт тооцоод хэлчихсэн байдаг.
Улстөр гэдгийг огт ойлгоогүй хэрнээ улстөрд орж ирсэн нөхдүүдийн өнгөрсөн хугацаанд бий болгосон “баялаг” гэвэл энэ. Үнэндээ балаг л даа. Нам гэдгээр хуваагдахдаа хэн нэгнээ дайсан мэт үзэж, сөрөг хүчин гэхээр заавал сөрж байх ёстой гэсэн ухагдахууныг үе үеийн УИХ-ын ихэнх гишүүн тархиндаа маш гүн суулгасны гай энэ. Тиймээс УИХ-ын индэр дээр хэрэлдэх, хараах явдал жирийн зүйл мэт болж, тэр ч бүү хэл нэгнийг УИХ-ын индэр дээрээс харааж, доромжилж, элдэв дээдээр гүтгэлээ гэхэд хэлэлцэх хуульгүйгээр зохицуулсан байна. Сүүлийн үед бүлэг фракц болж байгаад хэн нэгнийгээ гутаана. Зохион байгуулалттайгаар гүтгэнэ. Хамгийн хортой нь ингэснээр хэн хэнд нь итгэхээргүй болов. УИХ буюу төрийн түшээд тэр аяараа хулгайч, луйварчин мэт харагдах төдий бус үүнд нь итгэдэг болсон байна. Хүнд хамгийн сүүлд алга болдог зүйл итгэл гэдэг биз дээ. Тэгвэл төрдөө итгэл алдрахаас өөр аймаар, аймшигтай юм бий гэж үү.
Европт, тэгдэг, Японд ингэдэг юм гэж ярих нэгэн гарах байх. Тэгвэл бид хэдэн мянган жилийн түүхтэй, дэлхийд дахин давтагдашгүй, бусдаас огт өөр зан зашил, ёс суртахуун бүхий монгол хүмүүс гэдгээ бүү мартая.
Ингэхэд түшээддээ, улмаар төрдөө үл итгэх нөхцөлийг тэд өөрсдөө бий болгосныг шулуухан хэлэх хэрэгтэй. Тиймээс ч өөрсдөөсөө эхлэн энэхүү муу муухай бүхэн шингэсэн гажуудлаа холоос хол таягдан хаях эх суурийг өнөөдрөөс тавих хэрэгтэй байх. Сөрөг хүчин нь эрх баригчиддаа, эрх баригчид нь сөрөг хүчиндээ баярлалаа гэдэг үгийг эг удаа ч болов хэлээч. Бүлэг фракц, хувь хүнийхээ эрх ашгийг хойш тавиад өөрийнхөө “дайсанд” баярлалаа гэсэн үгийг УИХ-ын индэр дээрээс хэлээд өгөөч эрхэм түшээд ээ. Тэгвэл яваандаа иргэд чинь гудамжинд явахдаа хэн нэгэндээ зам тавьж өгөн, бас баярлалаа, гялайлаа, талархлаа гэсэн өдрийн од мэт ховордож байгаа үгсийг бие биедээ хэлдэг болно. Ингэснээр та нарын дунд ч, бидний дунд ч нүүрний маань зөвхөн инээх үед тодордог үрчлээс улам олширно. Хүн инээж байна гэдэг итгэж байгаагийн нэг хэлбэр. Тэр хэмжээгээр амьдрал ч утга учиртай болоод явчихна. Та нартаа итгэдэг болно. Энэ нь төрдөө итгэж байна гэсэн үг л дээ.
Магтуулахаар юм хийсэн нэгнийгээ магтдаг болъё. Өдгөө хэн нэгнийхээ сайн сайхан хийсэн зүйлийг магтахаар долигонолоо, долоолоо, долоогч гэсэн нэрийг агшин зуур хайрладаг болов. УИХ дээр хамгийн их хэрүүл, хараал хийдэг нэгнийгээ хамгийн сайн улстөрч хэмээн боддог, тооцдог, тодруулдаг боллоо. Ингэснээр улстөрч гэж хэн байхын мөн чанар, утга учир бүрмөсөн алдагдчихаж байна гэсэн үг л дээ. Тиймээс та нарыг хүндлэх хүн улам ховордож байна. Харин хүндэлж байгаа юм шиг дүр үзүүлэгсэд улам олширсоор. Энэ бүхэн ч бас л та нарын маань өнгөрсөн хугацаанд бий болгосон бас нэгэн “баялаг” шүү дээ.
Ингэхэд амьдралыг нэгэн их далайтай зүйрлэх нь бий. Тэгвэл бид ”Монгол Улс” гэсэн нэртэй нэг хөлөг онгоц дээр л хаашаа ч юм хамт явцгааж байгаа хүмүүс. Гэхдээ бидэнд сайн явах, сайхан амьдрах хүсэл мөрөөдөл бүгдэд маань бий. Харин түүнд хүргэх хамгийн гол зүйл гэвэл итгэл, найдвар, хайр. Тиймээс хэн нэгэндээ сэтгэл зүрх нь шархлахаар үг бүү хэлцгээе. Өөрийг тань ойлгоогүй хэн нэгнээ өршөөдөг байя. Тэр нэгэн цагт таныг гомдоосон нөхрөө ч, дайснаа ч өршөөж суръя. Тэр ч бүү хэл өөрөөс тань уравсан нэгнээ ч өршөө. Уучил. Яагаад гэхээр уучилж өршөөсөн бүхэн өөрт тань хэзээ ч тохиож байгаагүй эрх чөлөөг олгох болно. Биеийн эрх чөлөөнөөс сэтгэлийн эрх чөлөө хамгийн их аз жаргал авчирдаг. Бүгдэд нээлттэй зүрх сэтгэл байхад амьдрал улам аз жаргалтай байх болно. Ийм аз жаргалыг зөвхөн өөрсдөөсөө хайцгаая. Мөн аз жаргалтай байхын тулд бусдаас ямар нэг зүйл хүлээх бус харин өөрөө сайхан сэтгэл, гоё үгийг бусдадаа харамгүй бэлэглэдэг байх хэрэгтэй. Удахгүй эхлэл нь өрнөх улстөрийн сонгуулийн өмнө улстөрчиддөө үүнийг л хэлье.
Д.Гал