Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ингээд Байнгын хорооны гишүүдийн 62.5 хувь нь хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзээд дэмжлээ.
Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр "Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хориг тавих ёсгүй. Хууль зөрчсөн үйлдэл гаргалаа" хэмээн бичиж байгаа. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй огт хамаагүй. УИХ-ын тогтоолтой холбоотой. УИХ энэ асуудлыг дахин хэлэлцээд Үндсэн хуулийн Цэц их суудлын хурлаараа асуудлыг авч хэлэлцэх боломж байна гэсэн санаатай, ийм хориг тавьсан. Тиймээс Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ярих нь зохимжгүй юм. Хоёрдугаарт шүүхийн зохион байгуулалттай холбоотой асуудал Үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэж. Ийм зохион байгуулалтыг өргөн барьсан Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм шүү. Тиймээс адилхан Үндсэн хуулийн маргаантай гэж ойлгож болно” гэсэн юм.
Т.Энхэлээ