Дорноговь аймгийн прокурорын газраас санаачлан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Соёмбо цогцолборт аймгийн прокурорын газрын Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулжээ.
Энэ үеэр Аймгийн прокурорын туслах, тамгын хэлтсийн дарга Ж.Айжуу тус аймгийн прокурорын газраас 2015 онд зохион байгуулсан ажил, прокуророос хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хэрхэн хяналт тавьж байгаа болон прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцож байгаа талаар, хорих болон хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтны ял эдлэлтэнд прокурор хяналт тавьсан байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн зохион байгуулсан ажил, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, аймгийн прокурорын газарт байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлтийг хэрхэн хүлээн авч шийдвэрлэж байгаа болон аймаг дахь эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч хууль, эрх зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Түүнчлэн энэ үеэр орон нутгийн телевизэд прокурорын байгууллагаас хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа талаар ярилцлага өгсөн нь үр дүнтэй ажил болсон байна. Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээнд 60 гаруй иргэд хүрэлцэн ирж, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа авч тэдэнд шаардлагатай 10 төрлийн хууль тогтоомжийн асуудлаар боловсруулсан бэлтгэсэн гарын авлага, сурталчилгааны материал, сонинг 650 ширхэгийг тарааж өгсөн нь тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зохих үр дүнгээ өгчээ.
Мөн аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч нар нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож иргэдийн хүсэлтийг хүлээн авч иргэдэд эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажилласан нь иргэдийн талархалыг хүлээсэн байна.
Д.Дуулим