Сибирийн сэвсийсэн их цасан дундуур чарга хөллөсөн гурвалсан морьдын омголон туурай дээр нь суусан эзнийхээ ташуурын тас няс хийх чимээнээр гал цахилгаан мэт тачигнаж, хоромхон зуур их талыг туулахаар дүүлэн тэмүүлнэ.
Тийм ээ, оросуудыг гурвалсан морь, түүний хурд, цас мөсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл өнөөдөр энэ их гүрнийг нэгэн чарга гэвэл түүний дээр ташуур барин суух эзэн нь В.Путин гэх байна. Харин “морьд” гэвэл Засгийн газар, Гадаад явдлын яам, Батлан хамгаалах яам буюу Д.Медведев, С.Лавров, С.Шойгу нар гэе. Эзэн хатуу, чарга том, морьд сайн. Нэгэнтээ эзэн өөрийнхөө оронд Д.Медведевийг суулгасан ч дөрвөн жил давхиж байгаад өөрөө дахин чарган дээрээ суусан нэгэн.
В.Путиныг оросууд янз бүрээр л ярьдаг. Ялангуяа ардчилал хөгжиж, эрх чөлөө гэдгийг хагас, дутуу ойлгож байсан жилүүдэд түүнийг дарангуйлагч хэмээн нэрлэж байлаа. Оросууд нь шүү дээ. Өрсөлдөгч нараа ч тэрбээр хайр найргүй нухчин дарсан учраас тийм нэр зүүсэн байх. Дарсан ч. Шоронд хийхийг нь шоронд хийж, шороонд булахыг нь булсан юмдаг. Сөрөг хүчнүүдээ л ямар ч байсан үг дуугарах тэнхэлгүй болгоод авсан нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Өдгөө ч түүний хатуу гарын тухай онигоо ам дамжин яригддаг. Тэгээд ч оросууд удирдагч нартаа онигоо зохиох үнэн хообийтой ард түмэн шүү дээ. В.Ленин, Н.Хрушев, Л.Брежнев, Б.Ельцин гээд бөөн онигооны эзэд.
В.Путин багадаа тун зодоонч нэгэн байсан юм билээ. Есдүгээр ангид байхдаа дээд ангийнхантайгаа зодолдоод бүгдийг нь нам дарсан тухай найзууд нь дурссан байдаг. Тэр үед мань эр самбогоор хичээллэдэг байж л дээ. Ер нь түүний хүмүүжил төлөвшилд самбо, жүдо гэх зэрэг байлдааны гэх тодотголтой спортууд нэлээд нөлөө үзүүлсэн гэж үздэг. Мэдээжийн хэрэг тагнуулд ажилласан нь ч бас нөлөөлсөн биз. Ямартай ч спортоос хүч чадал, ажил төрлөөсөө хянуур зангаас гадна цагийн байдлыг маш хурдан үнэлээд зөв шийдвэр гаргах авьяас билгийг авсан байх гэлцдэг юм.
Тусгаар улсынхаа эрх ашгийн төлөө чөтгөртэй ч нөхцсөн яадаг юм гэсэн энгийн ухагдахуунаар саяхан эвлэрэшгүй дайсан байсан Хятадынхаа хамгийн дотны найз боллоо. Ингэснээр Америкийг айлгаж, нуран унасан Варшавын гэрээний орнуудын буйран дээр БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс гэсэн эдийн засгийн хэлбэртэй эвсэл байгуулаад авчээ.
Ингэхэд тэрбээр бутарч задраад нэг хэсэгтээ яах учраа олохгүй байсан Орос орныг хөл дээр нь босгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Орос агуу түүхтэй, орос хүн бусдаас агуу эх орончид, оросууд хэзээ ч, хэний ч дор орж байгаагүй гэсэн сэтгэлгээг ард түмэн буюу найман настай балчраас 80 настай буурлуудынхаа оюун тархинд суулгаж өгөхийн тулд тун нарийн бодлоготой ажиллалаа.
Кино, жүжиг, урлаг уран зохиол гээд ашиглаж болох бүхнийг төрөөс мөнгө гаргаж байгаад дайчлав. Ингэснээр дэлхийн дайнд ялсан жинхэнэ эх оронч баатарлаг ард түмэн гэсэн ойлголтыг дээр дооргүй авав. Ингэснээр оросуудын цусанд байсан дайнч, шаргуу, тууштай чанар нь сэргэж, улмаар эдийн засгийн хувьд хөл дээрээ бат зогсч эхэлжээ. Тэр хэрээрээ ч хүчирхэгжиж байв.
Гадаад талдаа ч жинхэнэ улстөр гэж юу байхыг харуулж чадсан гэж хэлж болно. Яагаад гэхээр тусгаар улсынхаа эрх ашгийн төлөө чөтгөртэй ч нөхцсөн яадаг юм гэсэн энгийн ухагдахуунаар саяхан эвлэрэшгүй дайсан байсан Хятадынхаа хамгийн дотны найз боллоо. Ингэснээр Америкийг айлгаж, нуран унасан Варшавын гэрээний орнуудын буйран дээр БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс гэсэн эдийн засгийн хэлбэртэй эвсэл байгуулаад авчээ.
Магадгүй үүнийг л улстөр хэмээн нэрлэх байх. Дээр нь газар нутгаа тэлэх бодлогыг маш эрчимтэй явуулж байна. Крымийг авлаа. Одоо Донецк, Донбасс хоёр Оросын мэдэлд үндсэндээ орчихоод Украйн яаж ч чадахгүй дэмий л хамаг хараалаа барж сууна.
Мөн энэхүү гурвалсан морь чарга бүхий эр Америк болоод Европын холбооны зүгээс тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг өөрийн улс оронд ашигтай байдлаар эргүүлж байна. Ингэснээр дотоодынхоо үйдвэрлэгчдийг дэмжиж, бид юугаар ч дутахгүй, бидэнд та нараас гадна Ази, Африкаар дүүрэн найз нөхөд байна гэдгийг үйлдлээрээ харуулах болов. Цэрэг армийн хувьд л гэхэд НАТО чи юу юм бэ, хэн бэ, хэдийн тоо вэ гэх болсон байна. Тиймээс НАТО ерөнхийдөө амаа үдүүлж, Америкийн дуу хоолой улам цаашаа орсоор. Гэхдээ Орос хэзээ ч дэлхийн цагдаа болохгүй гэдгээ хэлээд байгаа.
Орос өнгөрсөн хугацаанд террористуудын зүгээс ихээхэн хохирол амссан нь үнэн. Мянга давж тоологдох террорист халдлагыг Орос үзжээ. Үүнээс хамгийн том нь Чеченийн дайн. Мөн хохирогч нь хэдэн зуун хүний амиар тоологдох Будённовск, Беслан, Дубровкад болсон томоохон халдлагууд байна. Хамгийн сүүлд л гэхэд Египетийн Синайн хагас арал дээр Оросын зорчигч тээврийн онгоцыг дэлбэлсэн аймшигт халдлага өртөв.
В.Путин одоо Оросын сүр хүчийг дэлхий дахинаа харуулах цаг нь иржээ. Үүнийг ямар аятайхан боломж гэлтэй биш. Тиймээс лалын террористуудад дайн зарлалаа. Лалын улсууд буюу лалын шашинтнуудад биш шүү. Террористуудад нь. Тиймээс ч алан хядлагаар айлган сүрдүүлдэг алан хядагчдыг нутаг дээр нь элстэй хамт булшлахаар шийдэн Сирид байлдааны ажиллагаа явуулж, давхар америкчуудад бид ийм болсон шүү дээ хэмээн сүр хүчээ харуулж байна.
В.Путин ч террористуудыг дараагүй цагт тайван амгалан унтахгүй гэдгээ зарлалаа. Ялангуяа хамгийн сүүлд болсон хэрэг явдал түүний уурыг хүргэж, уушгийг нь жинхэнэ сагсайлгав бололтой. Синайд болсон хэрэг явдлын дараа тэрбээр,”Синайд болсон террористуудын дараа нулимс хатаж амжаагүй байхад туркууд ар нуруу руу хутга шаалаа. Террористуудыг бид энэ дэлхийн хаа байгаа газраас нь олж, багалзуурыг нь тас атгах болно” гэдгээ хатуу мэдэгдлээ шүү дээ.
Туркууд түүнээс айж байна. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган байсхийгээд л буруу зөрүү мэдэгдэл хийж, энэ зуур В.Путнины “гурвалсан морьд” энэ улсын эсрэг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ. Жуулчдаа татав. Байгалийн хийгээ хаана гэлээ. Цэргийн салбарын харилцаагаа бүрэн зогсоов. Мөн Сирид агаараас эсэргүүцэн хамгаалах пууужингуудаа суурилуулж, бөмбөгдөгч онгоцуудаа “агаар-агаар” ангиллын пуужингаар зэвсэглээд, тэднийхээ хамгаалалтад байлдааны тушаал авсан сөнөөгч онгоцуудынг хөөргөх болжээ.
Энэ зуур оросуудын цусанд байдаг дайнч чанар дахин сэргэж, улмаар энэ бүх үйлдлийг нь шүүмжлэх хүн бараг алга боллоо. Харин ч В.Путины нэр хүнд жинхэнэ хаданд гарлаа. Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнө, “Үгэнд орохгүй байгаа нэгнийг жорлонд оруулаад нүддэг юм” гэж хэлснийхээ төлөө оросуудынхаа амны зугаа болж байсан юмдаг.
Тэгвэл өдгөө террористуудыг “жорлонд” нь оруулан нүдэж байгаад оросууд нь алга ташин баяр хүргэж байна. Ингэхэд В.Путины хатуу гар ийн алга ташихад хүргэж, оросуудыг бардам, чадал хүч бүхий ирээдүйдээ итгэлтэй ард түмэн болгожээ. Тиймээс Оросын уудам нутгийн сэвсийсэн их цасан дундуур чарга хөллөсөн гурвалсан морьдын омголон туурай дээр нь суусан эзнийхээ ташуурын тас няс хийх чимээнээр гал цахилгаан мэт тачигнан, хоромхон зуур их талыг туулахаар дүүлэн тэмүүлж байгааг дэлхий нийт харж байна.
Д.Гал
Сэтгэгдэл (37)