Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны хоёр тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Эхлээд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээр ахлуулан байгуулахаар тогтов.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын бүхий гишүүдийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогтоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Ц.Дашдорж, С.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулахаар болов.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ 2015 оны 12 дугаар сард багтаан байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүргийг ажлын хэсэг өгөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.