Ард түмэн автобуснаас айж байна. Нийслэлчүүдийн хөл дүүжилдэг гол хэрэгсэл болсон том оврын автобуснуудын талаарх таагүй мэдээлэл ар араасаа гарах боллоо. Хамгийн сүүлд л гэхэд сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд дөрвөн ч ноцтой осол гарч 20 гаруй хүн бэртэж, хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав.
Тодруулбал, өнгөрөгч бямба гарагт Сонгинохайрхан дүүрэгт байрлах Улаанчулуутын хогийн цэг явах замд “Сутайн буянт” ХХК-ийн “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б ноцтой осол гаргасан. Ослын улмаас 30-35 орчим насны эрэгтэй амиа алдаж, автобусанд явсан найм, явган зорчигч таван иргэн гэмтсэн.
Энэхүү сэрдхийлгэсэн ослын дуулиан намжиж амжаагүй байтал энэ сарын нэгний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг “Хархорин” захаас баруун тийш “Миний дэлгүүр”-ийн урд замд “Тэнүүн огоо” ХХК-ийн “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Г нь тухайн өдрийн 09.50 цагт явган зорчигч 50 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироолоо.
Осол гарснаас хэдхэн минутын дараа тус дүүрэгт орших Хангай захаас зүүн хойш замд “Атибус” болон “Тэнүүн огоо” ХХК-ийн “Хьюндай Аэросити -540” маркийн хоёр автобус мөргөлдөж, ослын улмаас дөрвөн зорчигч гэмтэв.
Нийтийн тээврийн том оврын автобуснуудад муу ёр шүглэв үү гэлтэй өчигдөр мөн л ноцтой осол гарлаа. Яармагийн гүүрэн дээр “Эрдэм Транс" компанийн Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөсөн осол гарсан. Ослын улмаас зургаан хүн гэмтсэн бөгөөд өвс ачиж явсан портер машины жолооч маш хүнд гэмтсэн юм.
Энэхүү айдаст автуулсан мэдээллийг сонссон хэн ч айхгүй байхын аргагүй. Гэрээсээ инээгээд гарсан хүн нийтийн тээврийнхэний буруугаас болж эргэн ирэхгүй, эрэмдэг зэрэмдэг болсоор байна. Гэтэл нийтийн тээврийн том оврын автобус эрхлэгчдийн холбоо гэх сүржин нэртэй байгууллага юу ч дуугарахгүй өнөөдрийг хүрэв.
Тэд цалин хөлсөө нэмүүлж, автобусны үнийг ихэсгэх болохоор түмний өмнө гарч, сүрийг бадруулдаг атлаа хүний алтан амь эрсдэж, эрүүл мэнд хохирсоор байхад нам гүм л байгаа нь үнэхээр хачирхалтай. Түүнчлэн нийслэлийн тээврийн үйлчилгээг зангидаж байдаг Нийслэлийн тээврийн газар ч үүнд эмзэглэхгүй байгаа бололтой. Угтаа бол хариуцсан салбарт нь хэрээс хэтэрсэн осол гарч, эрдэнэт хүний алтан амь үнэгүйдэх болсон энэ үед дээрх газрууд хоёрыг бодож нэгийг дуугарах цаг болсон байлтай.
Сүүлийн жилүүдэд шил шилээ даган гарах болсон том оврын автобусны ослын шалтгааны дийлэнхийг автобусны бүрэн бүтэн байдал, жолооч нарын ур чадвартай холбон тайлбарладаг. Тэгвэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын 20-30 хувь нь ашиглалтын хугацаа дууссан гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлдэг.
Гэтэл нийтийн тээвэрт парк шинэчлэл гэх дорвитой ажил хийгдээгүй өнөөдрийг хүрэв. Хамгийн сүүлд 2009 онд Солонгосын “Дэйвү”-гээс 400 автобус оруулж ирсэн. Түүнээс хойш шинэ автобусаар дорвитой парк шинэчлэл хийгдээгүй юм. Энэ нь ч ар араасаа гарсан автобусны ослын шалтгааны нэг яах аргагүй мөн. Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар нийтийн тээврийн жолооч нар зам тээврийн 405 осол гаргасан байна. Ослын улмаас таван хүн амиа алдаж, 254 хүн гэмтсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Тиймээс ашиглалтын хугацаа нь дууссан автобусаар ард түмнээ тээвэрлэж, амь насаар нь дэнчин тавихгүй байхыг холбогдох албаныханд уламжлая.
Нийтийн тээврийн шинэчлэл гэх томоохон ажлыг эхлүүлэх сургыг сонссон иргэд тухайн үедээ баярлаж, нийтийн тээврийн үйлчилгээ сайжирч, сайхан автобусаар үйлчлүүлэх нь хэмээн талархаж байсан. Гэтэл шинэчлэл нь зөвхөн ард түмний халаасыг хоослохоос хэтрээгүй үйлдэл болсон.
Уг нь шинэчлэл бол шинэчлэл байж, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснуудынхаа чанарыг сайжруулж, шинэчилснийхээ дараа цахим карт, богино эргэлт гэх зүйлүүдээ хэрэгжүүлсэн бол хэн ч дургүйцэхгүй байсан нь ойлгомжтой.
Тохилог, найдвартай автобусаар үйлчүүлж буй хэн ч нийтийн тээвэрт мөнгөө төлөөд, хэлсэн, үүрэгдсэн болгоныг нь хэрэгжүүлээд явна. Харин үйлчилгээгээ сайжруулахгүй үүрэг өгч байгаад бухимдах иргэдийг буруутгах аргагүй юм. Өдгөө нийтийн тээврийн шинэчлэлд цахим карт бус найдвартай автобус шаардлагатай байгаа гэдгийг ч дахин өгүүлье.
Б.Энхжин /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)