Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сард харьяалан хяналт тавин ажилладаг Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл, Бүрд, Өлзийт, Баян-Өндөр сумдын 2015 оны эрүүгийн нөхцөл байдлыг судаллаа.
2015 онд тус прокурорын газрын харьяалан ажилладаг сумдад нийтдээ 206 гэмт хэрэг үйлдэгдсэн ба гэмт хэрэг үйлдэгдсэн сумдаар нь авч үзвэл Баян-Өндөр суманд 15 хэрэг буюу 7.9 хувь, Хархорин суманд 68 хэрэг буюу 34.8 хувь, Бат-Өлзий суманд 29 хэрэг буюу 14.8 хувь, Хужирт суманд 43 хэрэг буюу 22 хувь, Есөнзүйл суманд 13 хэрэг буюу 6.6 хувь, Бүрд суманд 13 хэрэг буюу 6.6 хувь, Өлзийт суманд 14 хэрэг буюу 7.1 хувь нь тус тус үйлдэгджээ.
2015 онд үйлдэгдсэн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад 27 хэрэг буюу 11.5 хувиар буурсан байна.
Дээрх сумдуудад үйлдэгдсэн гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл хүчиндэх гэмт хэрэг 8 буюу 3.9 хувийг, танхайрах гэмт хэрэг 2 буюу 1 хувийг, бусдын биемахбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг 84 буюу 40.8 хувийг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4 буюу 1.9 хувийг, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 91 буюу 44.2 хувийг, Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг 7 буюу 3.4 хувийг, бусад төрлийн гэмт хэрэг 10 буюу 4.8 хувийг тус тус эзэлж байна.
Дээрх хэргүүдээс хүчиндэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүд 8.2-62.5 хувиар, мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 5 буюу 14.7 хувиар өсчээ.
Дээрх эрүүгийн нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, тус прокурорын газраас сумдын гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцож, тодорхой ажил зохион байгуулан үр дүнг тооцож ажиллах талаар харьяа 7 сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нарт прокурорын мэдэгдэл, Засаг дарга нарт танилцуулга бичиж хүргүүлсэн байна.