Сансрын нисэгчид тэнгэрийн зүг хөөрөхөөр Байконурт (Манайхаар бол Баяннуур гэж ч болох талтай. Бай гэж баян, нөгөөх нь ойлгомжтой шүү дээ) сүүлийн шөнийг өнгөрөөх үед заавал ч үгүй “Цөлийн гэгээ” гэдэг нэгэн уран сайхны кино үзүүлдэг юм гэнэ билээ. Үүнийг нээрээ Ж.Гүррагчаа баатраас нэг асуух юмсан.
Киноны гол утга гэвэл шархадсан улаан цэрэг гэртээ харих замдаа Дундад Азийн улаан элсэн дундах нэгэн бяцхан гацааны хавьцаа дээрэмчидтэй тааран, хэрхэн тулалдаж байгаа буюу одоогийн манийхаар бол боевик маягийн адал явдалтай кино л доо. Түүн дээр хуучин Цагаан хааны үед Гаалийн дарга байсан нэг нөхөрт дээрэмчдийн ахлагч, “Чамд сайхан хань, өндөр хангамж, гэр орон, эрхлэх аж ахуй байна. Одоо чиний амьдралд өөр юу хэрэгтэй юм” хэмээн асууж байдаг. Гэвч нөгөөх нь зөрүүдэлж байгаад хожим буудуулаад зүйл дуусдаг юм. Киноны тухайд товчхондоо ийм.
Яг энэ үгийг Н.Энхбаярт 17 жил төрийн өндөр албан тушаал хашаад бууж ирсэнийхээ дараа дахин улстөр рүү зүтгэх гэж байх үед нь МАН-ын Ц.Нямдорж нэгэнтээ хэвлэлээр ил шуудхан хэлж байв. Мөн, “Одоо болно оо, яасан барагддаггүй шунал юм” гэж нэмсэн байлаа. Түүний энэ үгийн ард албан тушаалаас гадна эд хөрөнгийн хувьд ч, “Болно, одоо битгий шуна” гэсэн санаа ив ил, тов тодхон байсан л даа.
Даанч Н.Энхбаяр энэ үгийг дайсныхаа дайралт гэж хүлээж авснаас биш нэгэн цагийн андын нь зөв хэлсэн үг гэж огт үзээгүй. Тэрхүү хүлээж аваагүйн гайгаа ч өнгөрсөн хугацаанд хангалттай амсах шиг боллоо. Гэтэл одоо ч нөгөө өндөрлөг рүүгээ өвчтэй юм шиг нүд аниад л зүтгээд байх юм. Эсвэл үнэхээр өвчин туссан нэгэн үү?
Энэ бол бидний ядуу байгаа сэтгэхүйгээр л тоглож байгаа хувь хүний алсын зорилго. Тиймээс ямар ч үнээр хамаагүй дахиад төрийн дээд сэнтийд суухаар улайран зүтгэж байгааг нь энэ мөрийн хөтөлбөр, түүний яриа хоёр харууллаа.
Тэгвэл өнөөдөр жирийн иргэд энэ үгийг эдүгээ түүнд ам хэлээрээ бус зүрх сэтгэлээрээ хэлж буйг анзаараасай гэмээр байна. Яагаад гэхээр хүний нас хэмжээтэй. Тийм учраас л өөрөө болоод үр хүүхэд, ач гуч нь хожим харамсахааргүй амьдрах л хамгийн чухал шүү гэж манай өвгөд эрт үеэс сургаж ирсэн байлгүй дээ. Мэдээжийн хэрэг хэн ч бай насны намар айлчлах үед өөрийнхөө өнгөрүүлсэн амьдралыг нэгэнтээ дүгнэж л таараа. Тэр үед л харамсахгүй байх хамгийн чухал гэдгийг бидэнд ийн чухалчлан захисан бололтой.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ингэхэд харамсахаар амьдрал туулсан уу гэж асууя. Лав л хоосон хонож, хохирон хэлмэгдэж, хонгил траншейгаар яваагүйдэг. Мөн хэн нэгний боол зарц болж, шороо хүрздэн, нүүрс түлээ үүрч явсныг санахгүй байна. Харин хамаг бүхнээс хүндлэгдэж, хаан мэт загнаж асан үе байсан гэдэгтэй маргах нэгэн гарна гэдэгт үнэхээр итгэхгүй байна. Харин 20, 30 жилийн дараагийн үе хэрхэн хүлээж авахыг ёстой чөтгөр л мэдэх биз.
Ийм байхад л ямар нэг зүйлээр дутагдаж гачигдаад байгаа юм шиг, улстөр гэдэг юм руу улайран зүтгэсээр байгаад гайхдаг. Ёстой юугаар дутахдаа ингэдэг байна аа, бүү мэд. Хүссэн орноороо аялж, дуртай газраа зугаалаад, энд тэнд лекц, ном уншсан шиг явж байсан бол доо гэж хүний нь хувьд өөрийн эрхгүй өрөвддөг юм. Гэтэл заримдаа арай өвчин тусаагүй байгаа даа гэмээр юм ярьж байна шүү. Наад зах нь түүний ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сонсоод үнэхээр айх шиг болж байгаа юм чинь. 450 мянган айлын орон сууцыг ямар нэгэн, 5 юм уу, 8 хувь гэхгүйгээр зүгээр “0” гэсэн хувилбараар олгоно, оюутнуудыг төлбөргүй сургана, ч гэх шиг.
Энэ дашрамд хэлэхэд Ц.Элбэгээ маань оюутнуудад 70 мянган төгрөгийн цалин олгоно гэж амлан санал аваад өдгөө лөөлөө болсон явдалтай яг агаар нэг сонсогдож байна лээ. За тэгээд манай улс найман хоттой болох юм байх. Хэрвээ энэ талаар яривал аялал жуулчлал манай хөгжлийнхөө нэг гол үндэс гээд байгаа Монгол улс юуны өмнө Хөвсгөл, Өмнөговь хоёрыг хот болгож, тэднийгээ Улаанбаатартай төмөр замаар холбосон нь дээр байх л даа. Ер нь бид яахаараа хот болж болдоггүй юм бол гэх аймаг мөн ч олон гарах байх шүү.
Энэ бол бидний ядуу байгаа сэтгэхүйгээр л тоглож байгаа хувь хүний алсын зорилго. Тиймээс ямар ч үнээр хамаагүй дахиад төрийн дээд сэнтийд суухаар улайран зүтгэж байгааг нь энэ мөрийн хөтөлбөр, түүний яриа хоёр харууллаа.
За тэгээд эмнэлэг, сувиллыг үнэгүй болгоно л гэнэ. Ер нь шууд л хуучин социалист нийгэм тархи толгойд тэр аяараа босоод ирж байна билээ. Магадгүй тиймээс л өдгөө ард түмэн түүнд яг одоо, ““Чамд аав ээж, ах дүү, сайхан хань, үр хүүхэд, ач зээ, ард түмэн, өндөр хангамж, гэр орон, эрхлэх аж ахуй байна. Одоо чиний амьдралд өөр юу хэрэгтэй юм” гэж шулуухан хэлж буян болмоор санагддаг. Эс тэгвээс, “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг дууны үг түүний хувьд зөв яваагүй хүний зөөлөн бус тавилан болж хувирах магадлал тун өндөр харагддаг. Хамгийн наад зах нь л гэхэд Г.Шийлэгдамба хийгээд түүнийг тойрсон явдал хэрхэн өрнөх нь одоохондоо таамаг төдий байна шүү дээ.
Д.Гал
Сэтгэгдэл (80)