"Ард түмнээ хайрлъя" намын дарга Л.Гүндалай өнөөдөр 11.30 цагт "Зууны мэдээ" Үндэсний мэдээллийн төвд шинээр гаргасан "Монголоороо байгаасай" дууны клипнийхээ талаар мэдээлэл өгөхөөр болсон. Тодруулбал, МУСТА дуучин Д.Дариймаа дуулж олны хүртээл болгосон “Монголоороо байгаасай” хэмээх дууг “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай дуулж, клип хийлгэсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр тархаад буй. Тэрбээр дууны шүлгийг зохиосон Б.Цогжилт, хөгжмийн зохиолч Баян нараас албан ёсны зөвшөөрөл аваагүй аж. Тиймээс уг дууг өмчлөх эрхтэй уран бүтээлчид оюуны өмч хулгайлсан хэргээр шалгуулахаар болсон юм. Үүнтэй холбогдуулан Л.Гүндалай өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсноо зарласан билээ.
Гэтэл тэрбээр хэвлэлийн бага хурал зарласан цагтаа ирэлгүй сэтгүүлчдийг нэг цаг орчим хүлээлгэв. Үндэсний мэдээллийн төвийн ажилтнууд түүн рүү залган хуралд ирэхгүй байгаа учир шалтгааныг нь асуухад тэрбээр "Би унтаж байна" гэх хариултыг өгөв.
Үүнийг сонссон сэтгүүлчид Л.Гүндалайд бухимдан гарч явцгаалаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (13)